Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбосноор 30 саяас дээш тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-03 15:03:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг хийж байж, 30 сая тонноос доошгүй нүүрс экспортлох, улмаар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Түүний дараа Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хил холболтыг хийснээр боомт бүрээр 10 сая тонноос доошгүй нүүрсийг экспортод гаргах бололцоо бүрдэнэ. Энэхүү тогтоолын төслийг баталсны дараа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг батлахаар ажиллана” гээд хоёр талт хэлэлцээр учраас цаг хугацааг тодорхой хэлэх боломжгүй хэмээлээ. Засгийн газрын 14 мега төслийг хэрэгжүүлэх түлхүүр нөхцөл нь Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболт байх болно гэдгийг тэрбээр тэмдэглэсэн юм.


Энэхүү төсөлд тусгасан асуудлуудыг тохиролцох гэж 60 удаагийн уулзалт хийсэн талаараа Б.Дэлгэрсайхан сайд дуулгаад, зарим саналын томьёололтой холбогдуулан түүнээс үүдэх нөхцөл байдлын талаар саналаа хэлэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ