ЗАВХАН: Энэ жил гурван сумын төрийн албан хаагчдыг орон сууцжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН![](/files/67aee3747bd61.jpeg)
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завханы гурван суманд 8-15 айлын
орон сууцыг барина.
Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн төрийн албан хаагчдыг орон сууцжуулах бодлого дэвшүүлсэн. Хөдөө орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх. Орон нутагт төрийн албан хаагчдыг үе шаттай орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.
Энэ бодлогын хүрээнд энэ онд төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг аймаг, сумдад хэрэгжүүлэхээр болсон юм. Хөтөлбөрийн төсөв нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцад батлагдсан байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаалын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл, Нөмрөг, Баянхайрхан суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц барихаар боллоо.
Тосонцэнгэл суманд 15 айлын орон сууц, Нөмрөг, Баянхайрхан суманд тус бүр 8 айлын орон сууцыг барих цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
Ингэснээр
төрийн албан хаагчдыг тогтвортой
ажиллуулах, ялангуяа
хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудалд томоохон дэмжлэг болох юм. Энэхүү
бодлогын хүрээнд төрийн албан хаагчдыг орон сууцжуулах үйл ажиллагаа бусад
сумдад ирэх жилээс үргэлжлэн хэрэгжих юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.