Улаанбурхнаар өвчилсөн гурван хүний хоёр нь хүүхэд байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-21 15:34:14

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.


Хурлын эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, “Улаанбурхан халдварт өвчний гурван тохиолдол хоёрдугаар сарын 12-ноос хойш батлагдсан. Эхнийх нь энэ сарын 12-нд ХӨСҮТ-д хандаж, лабораторийн шинжилгээгээр 18-нд баталлаа. Тухайн иргэн 38 настай, Вьетнамд аялж ирсэн өгүүлэмжтэй. Дараагийнх нь энэ сарын 16-нд илэрч, 20-нд эмнэлэгт хандан хэвтсэн. 230 хүнтэй онгоцоор хотод ирсэн байгаа юм. Тэгвэл гурав дахь нь 11 настай эмэгтэй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан. Энэ охин Малайз, Тайланд, Вьетнам улсаар аялсан бөгөөд энэ сарын 8-нд Монголд иржээ. Эдгээр нь нэг бус өөр өөр аяллаар ирсэн. Хоёр дахь тохиолдлын дүү нь Вьетнамд улаанбурхан өвчний тохиолдлоор бүртгэгдэж, эмчлүүлсэн байна. Нийтлэг зүйл нь гурвуулаа вакцинд хамрагдаагүй байсан. Нэг хүүхдийн биеийн байдал хүнд хатгаагаар хүндэрсэн. Гадаад орнуудад энэ өвчний тохиолдол нэлээд гарч байна. Тиймээс олон улсын нислэгээр ирж байгаа бүх зорчигчийг хянаж, тандалт хийнэ. Вакцин хийлгэж, энэ өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой” гэв.


Харин ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа, “Томуугийн өвчлөлийн дэгдэлт алаг цоог байна. Насны хувьд бүх хүн өртдөг ч тав хүртэлх насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Гадаадаас ирсэн иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагаас тандалт судалгаа авахаар утсаар холбогдвол дор бүрнээ зөвлөмжийг дагах хэрэгтэй. Өрх, дүүргийнхээ вакцины кабинетэд очиж, урьдчилан сэргийлэх нь чухал” хэмээн ярилаа.

 

Холбоотой мэдээ