Япончууд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд олон сая доллар зарцуулна

Дэлхийд | Шинжлэх ухаан
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 13:36:57

ТОКИО. /Kyodo/. Японы Боловсрол, спорт, шинжлэх ухаан, технологийн яам хиймэл оюун ухааны технологийн салбарт судалгаа явуулахад Засгийн газраасаа 10 тэрбум иен буюу 83.4 сая доллар хүсэхээр төлөвлөж байгаа аж.

Энэ салбарт Японы эрх баригчдын баримталж буй хөгжлийн стратеги нь ийм технологийг компьютер үйлдвэрлэгч компаниуд боловсруулдаг Барууны орнууд болон АНУ-ынхаас арай өөр юм. Япончууд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон их сургуулиудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар дээрх салбарыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ чиглэлээр мэргэшсэн гол төв нь Байгалийн шинжлэх ухааны "Рикэн" хүрээлэн болох ёстой байна.

Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх нь ирээдүйд роботуудыг хүний өдөр тутмын амьдралд нэвтрүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж Японы эрх баригчид үзэж байгаа аж.

Сүүлийн үед япончууд хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх зорилгоор шинэ андроид туслахуудыг бүтээх болсон билээ. Жишээ дурдахад,  NTT компани саяхан гэр ахуйн цахилгаан хэрэгслийг ажиллуулж, хүний оролцоогүйгээр зарим үйл ажиллагааг удирдаж чаддаг өндөр настнуудад зориулсан роботыг танилцуулжээ. Японы томоохон банк болох “Tokyo-Mitsubishi UFJ” энэ онд “хоёр андроидыг ажилд авсан билээ”.

Хиймэл оюун ухааныг ашиглах салбарт бодит амжилт олсныг 2020 онд Токиод болох Олимпын наадмын үеэр харуулах ёстой байна. Япончууд найрсаг зочломтгой роботуудын бүхэл бүтэн “арми” бий болгон хамгийн орчин үеийн технологийг харуулахаар төлөвлөж байгаа ажээ. Эдгээр робот спортын энэ баярын үеэр олон тооны зочдод янз бүрээр туслах юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд