Бангладешийн Төвбанкийг ухсан хэрэгт Умард Солонгос оролцсон байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2017-03-23 09:37:42

НЬЮ-ЙОРК./TASS/. Бангладешийн Төвбанкнаас 81 сая доллар хулгайлсан хэрэгт Умард Солонгос холбоотой байж магадгүй гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Энэ тухай “Тhe Wall Street Journal” сонины цахим хувилбарт бичжээ.

Сонинд бичсэнээр, Хятадын нэгэн иргэн хакер халдлага үйлдэхэд зуучилсан байж магадгүй гэж АНУ-ын прокурорууд үзэж байгаа бол Умард Солонгосын албаны хүмүүсийг буруутгах үндэслэл одоогоор алга байна.

Бангладешийн Төвбанкийг ухсан хэрэг болон 2014 онд "Sony Pictures" кино компани руу хийсэн кибер халдлага хоёр хоорондоо холбоотой гэсэн мэдээллийг кибер аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг хувийн компаниуд өгсөн бөгөөд үүнийг  АНУ-ын Хууль зүйн яам үндэслэлтэй гэж үзэж байгаа аж.  

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ Бангладешийн Төвбанкнаас 81 сая долларыг хакерууд хулгайлсан хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Гэмт хэрэгтнүүд уг мөнгийг Нью-Йорк дахь Холбооны нөөцийн банкаар дамжуулан Филиппин болон Шри-Ланк дахь данснууд руу шилжүүлжээ. Хакерууд дөрвөн удаагийн үйлдлээр дээрх мөнгийг гаргаж авсан бөгөөд тавдахь оролдлогоо хийж байх үед нь банкны ажилтны сонор сэрэмжийн ачаар хулгайг таслан зогсоожээ.

Энэ хэрэг гарсны дараа Бангладешийн Төвбанкны Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорсон юм.   

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ