“Туурайн төвөргөөн” наадмын нээлт болов

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-22 15:51:26
Дэлхийн соёлын шилдэг 50 арга хэмжээний нэг “Туурайн төвөргөөн” олон улсын хөгжмийн их наадмын 17 дахь удаагийн нээлт өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд дэх төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд боллоо. Тус наадмыг энэ жил Монголын бурхны шашин ба соёлын өв, түүхэн уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байгаа юм байна.
 Энэ үеэр Говийн ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг эх орондоо байгаа болон дэлхийд тархан суурьшсан монголчууд нэг өдөр, нэг цагт дуулж, даян  дэлхийн  энх тайван, эв нэгдлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэв. Энэхүү дууг нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураана хэмээн Монголын буддистууд сүсэглэдэг билээ. Тус дууны шүлэгт эмэгтэй хүний таван гайхамшгийг утга төгөлдөр өгүүлсэн нь зөвхөн өнгөн тал нь бөгөөд дорны нууц тарнийн ёсыг үгээр далдалж утга хураангуйлсан хэмээн судлаачид үздэг юм. Монголчууд эртнээс найр наадам, баяр ёслолын үеэр энэ дууг дуулж ирсэн уламжлалтай.
“Туурайн төвөргөөн” олон улсын хөгжмийн их наадам ирэх сарын 4-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар-Өвөрхангайн Хархорин-Сайншандын Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулагдах юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд