Цодгор хүү тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбатын мөрийн хөтөлбөрт хэд хэдэн дэд хөтөлбөр тусгагдан хэрэгжиж байгаа билээ. Үүний нэг нь “Шатар” дэд хөтөлбөр. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан "Цодгор хүү-2016" өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 4 насны ангилалаар, эмэгтэй, эрэгтэй төрлөөр зохион байгуулагдлаа.
Тав хүртэлх насны эрэгтэй төрөлд Булган сум 1-р цэцэрлэгийн тамирчин Д.Цэрэнпунцаг, харин эмэгтэйд Хутаг–Өндөр сумын тамирчин Ж.Нандин–Эрдэнэ нар алтан медаль хүртлээ. 6-7 хүртэлх насны төрөлд Тэшиг сумын тамирчин Д.Азжаргал болон Булган сумын ЭӨЦ сургуулийн тамирчин н.Энхриймаа нар алтан медалийн эзэд болсон бол 8-9 хүртэлх насны эрэгтэй төрөлд Хишиг–Өндөр сумын тамирчин Б.Хишигбаяр, эмэгтэйгээс Бүрэгхангай сумын тамирчин н.Бадмаа, 10-11 насны эрэгтэйгээс Булган сумын ЭӨЦ сургуулийн Ц.Түвшинжаргал, эмэгтэй төрөлд Булган сумын 1 – р 12 жилийн сургуулийн тамирчин Хажидсүрэнмаа нар тус тус алтан медалийн эздээр тодорлоо.
Уг тэмцээнд нийт 12 сумын 14 сургуулийн аваргаар шалгарсан шилдэг 80 шатарчин оролцож, нийлбэр дүнгээр Булган, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Бүрэгхангай сум амжилттай оролцлоо.
Нас насны ангилалд тэргүүн байр эзэлсэн бяцхан шилдэг шатарчид Улаанбаатар хотноо 2016 оны 1-р сарын 19-21ны өдрүүдэд зохион байгуулагдах Цодгор хүү-2016 улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна.
Мөн тэмцээний үеэр Дэлхийн Шатарын Холбооны спортын фиде мастер Булган сумын 1-р 12 жилийн сургуулийн сурагч Н.Номин-Эрдэнэ Дашинчилэн сумын бяцхан шатарчин Ж.Азжаргалд сайн шатарчин болохыг хүсч хувийн зүгээс Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, дурсгалын зургаа татуулсан нь энэ тэмцээний бас нэг онцлог байлаа.
П.Батням