Аймгийн нөөцөд 340 тн өвс байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймагт өвөлжилт хүндэрч, урд талын болон хангайн сумд зудын байдалтай байна. Аймгийн нөөцөд 2013-2015 онд бэлтгэсэн 340 орчим тн өвс, 102,2 тн тэжээл байгаа аж.
Энэ сарын 20-оос эхлэн өвсийг малчдад үнэгүй олгох бол тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгох юм байна. Өвөлжилт хүндэрч, орон нутгийн чанартай зам даваа хаагдаж болзошгүй гэж үзээд 20-40 тн өвсийг 6 суманд өнгөрсөн намар байршуулсан байна. Энэ хуваарийн дагуу 142 тн өвсийг Улаангом, Наранбулаг, Түргэн, Тариалан, Сагил, Давст зэрэг суманд хуваарилан олгох аж.
Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, салхи шуургатай байгаа тул хот хоорондын болон орон нутгийн чанартай зам даваанд аймгийн холбогдох албаны хүмүүс анхаарч ажиллаж байна. Улаангомоос Наранбулаг, Хар тэрмисийн чиглэлийн зам халтиргаа гулгаа ихтэй, Сүүж орчимд шуурч зам хаагдсан тул “АЗЗА” компанийн ажилчид зам гаргаж байгаа аж.
Он гарсаар аймгийн Онцгой байдлын газарт мал, амьтны гоц халдварт өвчинтэй холбоотой дуудлага мэдээлэл хоёр ирсэн байна. Наранбулаг суманд тэмээ, Хяргас суманд үхэр галзуурсан тухай мэдээллийг аймгийн холбогдох албаны хүмүүс авч тухай бүрт нь очиж вакцин хийж, ариутгал халдваргүйтлийн арга хэмжээ авчээ.
Үүнээс гадна аймгийн төвд ахуйн чанартай гал түймэр их гарч байгаа аж. “Цахилгаан тен залгах, залгуурт хэт ачаалал өгснөөс үүдэн гал түймэр Улаангомд ихээр гарч байна. Иймээс иргэд цахилгааны ачаалал дээр анхаарах шаардлагатай” хэмээн аймгийн ОХБ-ын орлогч дарга Я.Өлзийт манайд мэдээллээ.
Увс аймаг Б.Батхүү