Сири, ОХУ-ын цэргийнхэн террористуудын командын төвийг устгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-27 13:24:36

ЛАТАКЬЯ. /TASS/. Сирийн баруун өмнөд нутаг дахь террорист байгууллагуудын хяналтын цэг болон командын төвийг тус улсын Засгийн газрын дэмжлэгтэй дайчид болон ОХУ-ын агаарын цэргийнхэн устгалаа гэж Сирийн Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Али Майхоуб мэдэгдэв.

Мягмар гарагт Сирийн цэргийнхэн дайчдын бүлэгтэй хамтран Даръа хотын хойд зах болон Шейх Маскин хотын хяналтыг авсан байна. Уг ажиллагаанд ОХУ болон Сирийн Агаарын цэргийн хүчнийхэн дэмжлэг үзүүлжээ.

"Тактикийн амжилттай ажиллагаа явуулсны үр дүнд Элиш өндөрлөгийг хяналтдаа оруулж, 82 бригадыг байрлууллаа. Террорист байгууллагуудын хяналтын цэг болон командын төвийг устгаж, тэдний зэвсэг, хүн хүчинд ноцтой хохирол учруулсан" гэж Али Майхоуб мэдэгдэв.

Мөн тэрбээр, Дамаск болон Даръя хотыг холбодог олон улсын хурдны замын зэргэлдээх газар нутгийн аюулгүй байдлыг хангаж, материал нийлүүлэхдээ ашигладаг байсан террористуудын хэд хэдэн командын төв Шейх Маскин хотыг хүрээлэн оршдог байсан бөгөөд эдгээрийг уг ажиллагаагаар устгасан нь маш чухал юм гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Связанные новости