Увс аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан захирамж гаргаж аймгийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулахтай холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэдийг 10 дугаар сарын 1-ний есөн цагаас 7-ны 21 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Захирамжид иж бүрэн сургуулийн үед олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургалт семинарын ажлаар явахгүй байх, архи согтууруулах ундааны худалдаа үйлчилгээг зогсоох, хүндэтгэн үзэх шалтгаангүй нэгдсэн цугларалт, сургалт дадлагаас хоцорсон, тасалсан томилгоот бүрэлдэхүүнд болон албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг анхааруулсан байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга Д.Батсайхан нараар ахлуулсан аймгийн Онцгой комиссийн гишүүд 10 дугаар сарын 01-ний өглөөний есөн цагаас хуралдаж, гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль явагдах бэлэн байдлын бэлтгэл байдалтай танилцаж, хэлтэс, агентлагийн дарга нарт бэлэн байдлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр Тариалан сумыг нүүлгэн шилжүүлэх, Улаангом сум нүүн шилжих зэрэг ажлыг зохион байгуулна. Одоогоор Увс аймгийн 19 сум болон гамшгаас хамгаалах 11 алба, 38 мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэгийг хуваарийн дагуу есдүгээр сарын 26-нд зохион байгуулжээ. Үзлэгт 1876 томилгоот бүрэлдэхүүн, 96 автомашин, техник оролцоно.
Б.Батхүү