Орон гэргүй гэр бүлд туслах аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-10 15:58:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс “Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дэмжих” жилийн ажлын хүрээнд Мөрөн сумын иргэн С.Нарангэрэл болон түүний өнчин гурван зээд туслах “Нэг мянга нэг гэр бүлийн аз жаргал” сайн үйлсийн аяныг өрнүүллээ. 

С.Нарангэрэлийн охин өнгөрсөн тавдугаар сард хүнд өвчний улмаас бурхан болж гурван хүүхэд нь үлджээ. Тэд өөрийн гэсэн гэр оронгүй бөгөөд түр сууж байсан гэрээ эзэнд нь буцаан өгснөөр орох оронгүй болсон аж.


Хүйтний ам наашилж байгаа энэ үед тулж түших ах дүүгүй тэрээр гурван өнчин хүүхэдтэйгээ айлаар хоног төөрүүлж байгаа тул Статистикийн хэлтсийн  хамт олон туслахаар шийдэж сайн үйлсийн аяныг өрнүүлжээ.

“Аяны хүрээнд төрийн албан хаагч бүр доод тал нь 1000 төгрөг хандивлахыг уриалж байгаа бөгөөд аянд хоймор нутгийнхан идэвхтэй оролцож байна. Бид эдгээр хүмүүсийг орох оронтой сэтгэл дулаан өвөлжүүлэхийг зорьж байна” гэж Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.

                                                                                Б.Гантуяа 

Связанные новости