М.Түмэнжаргал: Орхон аймаг өвөлд бэлэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Эрдэнэт хотын Хотын захирагчийн албаны дарга, ерөнхий менежер
М.Түмэнжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Өнгөрсөн
өдрүүдэд Орхон аймагт их хэмжээний цас орсон. Нэг ёсондоо хотын
өвөлжилтийн бэлтгэлийг шалгах эхний шалгуур боллоо. Орхон аймаг, Эрдэнэт хотын өвөлжилтийн
бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна. Төлөвлөсөн ажлын гүйцэтгэл ямар байна вэ?
- Өвөлжилтийн бэлтгэл
ажлын хүрээнд 59 нэр төрлийн ажил төлөвлөснөөс гүйцэтгэл 92.8 хувьтай байна. Төлөвлөгдсөн
ажлаас 41 нь бүрэн дууссан бол 14 ажил 70-90 хувийн гүйцэтгэлтэй, дөрвөн ажил нь удаашралтай
байна. Байгууллагуудаар ангилан үзвэл, ЭДЦС ТӨХК, “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК, ЭБЦТС
ТӨХК зэрэг дулаан, эрчим хүчний гурван гол байгууллага өвөлжилтийн бэлтгэлээ базаасан.
Ажлын гүйцэтгэл 95 хувиас дээш байна. Тэгэхээр Эрдэнэт хот үндсэндээ өвөлд
бэлэн гэсэн үг юм.
- Өнгөрсөн жил
өвлийн ид хүйтэнд дулааны шугам цоорсноос болж зарим айл өрх хэрэглээний усгүй
болсон. Энэ жил инженерийн шугам сүлжээ,
дулааны хоолойд ямар, ямар засвар хийсэн
бэ? Болзошгүй осол аваарын үед ажиллах бэлтгэлээ хангасан уу?
- Эрдэнэт хотын
инженерийн шугам сүлжээ 40 гаруй жилийн насжилттай болчихсон учраас жил бүр
тодорхой хэмжээний осол, аваар гардаг. Хаана, хэзээ ямар гэмтэл гарахыг тааж
хэлэхэд хэцүү. Өнгөрсөн жил л гэхэд 10 гаруй гэмтэл гарснаас хамгийн ноцтой нь
Кувейтийн тойргийн /зургадугаар хорооллын аюулгүйн тойрог/ шугам цоорсон. Энэ арван гэмтлээс Хотын захирагчийн алба найман
ажилд 44.6 сая төгрөгийг “Болзошгүй аваарын зардал” -аас гаргаж засварласан. Хаана, хэзээ ямар гэмтэл гарахыг тааж хэлэхэд хэцүү.
Харин энэ
жил инженерийн шугам сүлжээг солих, засварлахад
улсын төсвөөс 2.6 тэрбум, орон нутгийн төсвөөс 723.9 сая, Засаг даргын аваарын
зардлаас 47.2 сая, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-иас 61.8 сая, Баян-Өндөр сумаас 15 сая,
Жаргалант сумаас 15.4 сая төгрөг нийтдээ 3.5 тэрбум төгрөгийг зарцуулсан.
Боломжийн хэмжээнд засварлаж өвөлдөө бэлдсэн. Ер нь газар доогуур явж байгаа
шугам, хоолойг солих ажил нь төсөвт өртөг өндөртэй, нүдэнд ил биш ажил.
Тэгэхээр одоо ч, цаашдаа ч тодорхой хэмжээний хөрөнгийг тавих нь зүйтэй юм.
- Энэ жил
Орхон аймагт зам засвар, нөхөөсний ажил хийгдээд дууссан. Үүнд улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар улсын чанартай 1001 замыг дөрвөн эгнээ болж өргөтгөх ажил
байсан. Энэ юу болсон бэ?
- Дөмөг захын
уулзвараас зургадугаар хороолол хүртэлх замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөх ажил
хойшлогдсон. Замын зураг төсвийг “Ростов” ХХК боловсруулж, тендер сонгон
шалгаруулалт Төрийн өмчийн хороон дээр явж байна. Шалгарсан компани ирэх
хавраас ажлаа эхлүүлэх байх. Бидний хувьд өнгөрсөн жил Баян худалдааны төвөөс
Сүмийн уулзвар хүртэлх зам засварын ажлыг шинэ шийдэл оруулж, хучиж дуусгасан.
Тодруулбал, замын брoдьюрийг борооны ус зайлуулах сувагтайгаар хийсэн. Ус
зайлуулах системийг шийдээгүйгээс авто замын эвдрэл үүсдэг гэж хэлж болно.
Явган зам ч ялгаагүй. Нэг зүйлийг хэлэхэд үерийн далан, борооны ус зайлуулах
шугам хоёр, хоёр өөр зүйл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 5, 6 дугаар хороололд
хийсэн замын болон ус зайлуулах байгууламжийн ажлын үр дүнд зургаадугаар
хорооллын зам дээр тунадаг ус багассан. Ус зайлуулах системийн ажил бүрэн
дуусаагүй болохоор ус тогтоод байгаа асуудал гарч байгаа. Энэ ажил нийтдээ 1,4
тэрбум төгрөгийн өртөгтэй Баянбулагийн багийн уулзвараас далд шугам явж
зургаадугаар хорооллын нэгдсэн системтэй нийлэх юм. Ирэх жил үлдсэн ажил
хийгдэнэ
- Зам засвар,
нөхөөсний ажлын хувьд?
- 2018 онд Орхон
аймагт авто замын 2210м2 нөхөөсний ажил хийсэн. 2019 онд
хийгдэх замын нөхөөсний хэмжилтийг бид одоо хийж байна. Энэ хийсэн тоо хэмжээ
дээрээ ажил гүйцэтгэх хүртэл гарах эвдрэлийг нэмж тооцдог. Яагаад гэвэл цаг
хугацаа өнгөрөх тусам замын нүх тэлж, шинэ газар нүх үүсдэг. Энэ асуудлыг
шийдэхийн тулд энэ жил бид шинэ технологи туршсан. Өнгөрсөн жил Монголд
ашиглалтанд орсон “Битумина Монголиа” үйлдвэрийн Улаанбаатар хотын авто замыг
нөхсөн нөхөлтийг очиж үзээд туршилтаар аймгийнхаа 130м2 талбайд
нөхөөс хийсэн. Энэ шинэ технологи нь -25 хүртэлх градуст нөхөлт хийх боломжтой.
Эдийн засаг, цаг хугацааны хувьд хэмнэлттэй.
Тэгэхээр бид заавал
дулаарах буюу тавдугаар сарын 15-нийг хүлээлгүйгээр замаа нөхөх боломжтой. Дээрээс нь зам хаах шаардлагагүй, нөхсөн
даруйд л машин зорчиж болдог. Энэ технологиор мөн ирэх жил бид замаа нөхнө.
Тэгэхээр бид заавал дулаарах буюу тавдугаар сарын 15-нийг хүлээлгүйгээр замаа
нөхөх боломжтой. Энэ жилийн тухайд нөхөлт дууссан, төсөв байхгүй байсан учраас
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар таван сая төгрөгийн төсөв батлуулж, туршилтын журмаар эрэмбэ
гаргаж, зайлшгүй шаардлагатай 130м2 талбайг нөхсөн. Ирэх жилээс
энэ асуудлыг бүрэн шийдэх болно.
- Халуун,
хүйтэн асфальт үнэ өртгийн хувьд ялгаатай юу?
- Хүйтэн асфальт арай
өндөр үнэтэй. 10 см-ийн зузаантай 1м2 хэмжээтэй замыг нөхөхөд 2
шуудай материал орж байгаа. 1 шуудай нь 25.000 төгрөг. Энэ бол зөвхөн түүхий
эдийн зардал. Үүн дээр давтах, хөрөөдөх машины шатахуун, ажиллах хүчний цалин
гэх мэт зардал орно. Ингээд тооцохоор халуун асфальттай харьцуулахад үнэ нь
өндөр. Гэхдээ үүнээс гарах үр өгөөж, чанарыг аваад үзвэл үр дүн нь илүү байгаа
юм. Цаг алдалгүй хурдан замаа нөхсөнөөр нүх томрохгүй байхаас гадна иргэдийн
автомашины эвдрэл гэмтэл багасч, аваар ослоос урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж
байна.
- Чанарын хувьд?
- Сая туршилтаар
нөхсөн 130м2 замд одоогоор бол ямар нэгэн алдаа дутагдал
гараагүй байна. Орхон аймаг жилдээ 3000м2 орчим замын нөхөөс
гардаг. Ирэх жил бид 1000м2 замыг хүйтэн асфальтаар, үлдсэнийг
нь уламжлалт аргаар нөхнө гэж төлөвлөж байна. Тэгэхээр одоо үлдсэн байгаа
нүхийг заавал цаг агаар дулаарахыг хүлээлгүйгээр нөхчихөж болно. Он гарлаа, төсөв батлагдаад, сонгон
шалгаруулалтын ажил хийгдээд л шууд нөхнө гэж төлөвлөж байна. Ер нь аливаа
зүйлийг туршиж байж л сайжирна. Юу ч хийхгүй байснаар гэнэт сайжирна гэж
байхгүй. Тэгэхээр үр дүнг нь харьцуулаад харж болно. Мөн туршилтын нөхөөсийн
ажлыг хийж гүйцэтгэж байх үед иргэдээс зарим асуултыг тавьж байсан. Тодруулбал,
Холбооны газраас Барилгачдын талбай хүртэлх төв замыг нөхсөнгүй гэдэг шүүмжлэл
гарсан. Энэ замын нүхийг бид зөвхөн томчилж хүйтэн асфальтаар нөхсөн. Учир нь
2019 онд өргөтгөж шинээр хучиж, бордьюрийг солино. Тиймээс замын засварын ажлыг
түр орхисон. Энэ замыг засах хөрөнгөө хэрэгтэй газар нь зарцуулаад ирэх жил
бүтэн зассан нь дээр шүү дээ.
- Хот
байгуулагдаад 44 жил болох гэж байна. Үүнтэй зэрэгцээд нэг ч удаа засвар
ороогүй явган хүний зам байна. Тодруулбал, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлж
хүүхэд багачуудаа салхилуулдаг Гэрэлт гудамж, Гендрекцийн урд талын хэсэг
хүүхэд байтугай том хүн явсан ч шургаж уначих гээд байдаг хэсэг. Хот доторх
явган замыг шинэчлэх ажил 2019 онд хийгдэх үү. Засварлах шаардлагатай газруудын судалгаа
гаргаж байсан?
- Аймгийн хэмжээнд
90,000м2 гаруй явган зам байна. Үүнээс дийлэнх нь буюу 70.000м2 орчим
нь хуучин зам. Эрдэнэт хотын 30 жилийн ойн хүрээнд 24.000м2 явган
зам засч, шинэчилсэн байдаг. Жил бүр бага багаар буюу 200-700м2 явган
замыг засч байгаа. 2019 онд явган зам дээр илүү их анхаарал хандуулахаар
төлөвлөж, бүх судалгааг гаргасан. Ирэх жил 7885м2 зам засварын
ажил хийхээр зураг, төсөв гаргаад байна. Тухайлбал, та бидний сайн мэдэх,
гэрэлт гудамж, усан оргилуурын хэсэг.
Ер нь эвдрэлтэй газраа
харж байгаад л солих шаардлагатай хэсэг 18 байршилд 7885м2 явган зам
хийхээр зураг төсөв боловсруулсан.
Энэ хэсгийн явган
замыг бүрэн засварлана. Мөн Холбооны газрын дагуу авто замын өргөтгөлийн ажлыг
хийхдээ явган хүний замыг засварлана. Ирэх жилийн явган замын засварын
төлөвлөгөөнд Эврикагаас Гурван замын уулзвар хүртэл, Урт цагааны төгсгөлөөс Худалдаа хөгжлийн банк хүртэл, Барилгачдын талбай, Хаан банкны уулзвараас
урагшаа аюулгүйн тойрог хүртэл, Мэнд амар худалдааны төвөөс тавдугаар
сургуулийн уулзвар хүртэл гэх мэт газруудад хийнэ. Ер нь эвдрэлтэй газраа харж
байгаад л солих шаардлагатай хэсэг 18 байршилд 7885м2 явган зам
хийхээр зураг төсөв боловсруулсан. Үүнийг АИТХ-ын төлөөлөгчид дэмжиж төсөв,
хөрөнгийг нь баталж өгөөсэй гэж хүсч байна.
- Баярлалаа.