Аймгийн хэмжээнд байнгын урсацтай гол горхи 188 байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-18 21:50:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээн дэх уст цэгийн нарийвчилсан тооллого, судалгаа шинжилгээг 25 сая төгрөгийн санхүүжилтээр Бөөнцагаан-Орог нуур сав газрын захиргаанаас энэ онд хийж гүйцэтгэжээ.

Тооллогын дүнгээр байнгын урсацтай гол горхи 188, түр зуурын урсацтай гол горхи 23, ширгэсэн болон шургасан гол горхи дөрөв, нуур 77, рашаан 20, булаг шанд 866 тоологдсон байна. Мөн гүн өрмийн болон гар ажиллагаатай худаг 2045, цооног 119, услалтын систем хоёр, усан сан, хөв 59, цэвэрлэх байгууламж гурав байна гэж тоологджээ. 

Тухайн тооллогоор Баянхонгор аймаг тухайлж, сум бүрээр нь уст цэгийнхээ цэг, координатыг тодорхойлж, зураг болон байршлыг үзүүлэлттэйгээр нь нарийвчилсан тоогоор тогтоож, албан ёсоор бүртгэлжүүлжээ. Хэдийгээр 2015 онд тус бүртгэл тооллогын ажил явагдаж байсан ч төдийлөн тодорхой болоогүй байсан гэдгийг мэргэжлийн байгууллагынхан ярьж байна.

Нарийвчилсан тоо бүртгэлийн энэхүү судалгаан дээр үндэслэн аймаг, сум орон нутаг гол горхи, нуур цөөрмийнхөө эрсдэлийг тооцож, хариуцан хамгаалах ажил арга хэмжээг авах бол цаашдаа Баянхонгор аймгийн усны талаар бодлогын үйл ажиллагаа явуулахад баримтлах гол тулгуур суурь нь болох аж.

Связанные новости