Ж.Энхмаа: Сэлэнгэ аймагтаа ургамал боловсруулах үйлдвэр байгуулах том зорилт тавьсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-09 21:37:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллахын зэрэгцээ бусдын төлөө хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүрхээ зориулан, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө оюун ухаанаа зориулан яваа хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл “Буянт рашаан” ХХК-ийн захирал Ж.Энхмаатайтай уулзаж, түүний ажил үйлсийн талаарх ололт амжилтын багаахан хэсгээс олон нийтэд хүргэх зорилгоор сонирхолтой ярилцлага өрнүүлснээ хүргэе.

-Сайн байна уу? Танд шинэ оны мэнд хүргэе. Ж.Энхмаа бүсгүй зүгээр суудаггүй, шинийг сэдэж, аливаа ажил үйлчилгээг эрэлхийлж явдаг Сэлэнгэ аймгийн хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл гэдэгтэй маргах хүн бараг үгүй болов уу. Тэгэхээр яг одоо танай байгууллагын ажил үйлс хэрхэн өрнөж байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Манай “Буянт рашаан” эмийн сангийн хамт олон 2018 онд нэлээд олон ажлуудыг  амжилттай хийж гүйцэтгэлээ. Ажлын маань үр дүн ч өндөр байна. Удахгүй манай эмийн сангийн 20-н  жилийн ой болно. Ойгоо угтаад бид аймгийнхаа ЭМГ, МХГ, НДХ, бусад ЭХНБ, пүүс компаниудтай хамтарч  эмийн зохистой хэрэглээ аюулгүй байдал талаасаа сургалт сурталчилгаа, ард иргэдэд эмийг хэрхэн зөв хэрэглэх, хэвшүүлэх зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулж байна. Манай хамт олон  хүмүүнлэгийн шинж чанартай ажилд маш идэвхитэй оролцдог. Бидний хамгийн чухал ажлын нэг бол шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлдвэрлэлийг нэвтрүүлж, хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн аюулгүй чанарын баталгаатай эмээр хангаж ажиллахын зэрэгцээ гоо сайхан, асаргаа сувилгаа, биологийн нэмэлт бүтээгдэхүүн, уламжлалт эм тан гэсэн чиглэлээр үйлчилж байна. Бид 20 жилээ угтаж, 2020 онд Сэлэнгэ аймагтаа ургамал боловсруулах үйлдвэрийг байгуулахаар том зорилт тавьсан. Үүний цаана Сэлэнгэ аймагт 20-н ажлын байр бий болно.  Энэ маань аймагтаа төдийгүй сумдад бас ажлын байр бий болох давуу талтай. Энд хамтын оролцоо чухал юмаа. Цаашдаа манай эм хангамжийн чиг хандлага, үйлчилгээ Монголын эм зүй, ургамал судлал, уламжлалт  эмчилгээний чиглэл рүүгээ түлхүү явах чиг хандлагатай хөгжиж байгаа. Иймээс бид ургамлыг стандартын дагуу түүж боловсруулаад ард иргэдээ шаардлагатай ургамалаар ханган ажиллах зорилго тавьсан. Зорилго маань өнөөдөр биелж, үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай явагдаж байна. Энэ санаа манай хамт олны хүч хөдөлмөр, санаачилга, ард иргэддээ үйлчилж байгаа чиг хандлагаас үүдэн бий болсон зүйл юм.

-Эмийн үйлдвэр гэснээс усан эм бэлдмэлийг эмийн сангууд өөрсдөө найруулдаг байхаа. Сүүлийн үед усан эм их ховордсон харагддаг. Харин танай эмийн санд 3-4 төрлийн усан эм байнга байдаг нь анзаарагдсан шүү...?

-Усан эм, эмийн сангийн дотоод  бэлдмэлийг хийх талдаа үнэхээрийн дутагдалтай байдаг л даа. Манай аймгийн хувьд усан эмийг манай шар таван давхарын Буянт рашаан эмийн сангаас л олж авч байна. Энэ ч утгаараа манай тус эмийн сан Монгол Улсын шилдэг эмийн сангаар 2014 онд өргөмжлөгдөж байсан.  Усан эмийн технологи, эмийн сангийн дотоод бэлдмэл гэдэг бол маш нарийн зүйл. Үүнийг өдий хүртэл хадгалж яваа хамт олондоо ялангуяа манай “Буянт рашаан” компанийн дэд захирал, эм зүйч, химик Ш.Нарантуяагийн маань хөдөлмөрийн үр шим. Ш.Нарантуяа маань хуучнаар Эм хангамжид мэргэжлийн эм зүйч химик мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ хүн бол усан эмийн технологи, эмийн сангийн дотоод бэлдмэлийн тал дээр үнэхээр дадсан, мэргэжлийн байж чаддаг нь бахархалтай. Манай компанид ажиллаад найман жил болжээ. Хөдөө орон нутгийн эм зүйчид манайд ирж туршлага судалдаг. Улаанбаатар хотоос ч, Дархан-Уул аймгаас төдийгүй бусад газруудаас 80 гаруй эмийн сангийн эрхлэгчид ирж туршлага судлаад буцсан байна. Манай хамт олны хувьд 2017 онд нийтийн үйлчилгээний шилдэг байгууллага, эмийн сан болсон. Дархан-Уул, Орхон, Улаанбаатар хотод манай туршлагаар хоёр давхар эмийн сангийн стандартаар баригдсан байрууд ашиглалтанд ороод үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал Дархан-Уул аймгийн “Энхийн тун”, манай Мандал сумын “Азын нахиа” эмийн сан гээд. Манайх өөрсдөө ч бас бусад газруудаасаа хүрмэн эмийн сангийн туршлагыг судалж байна. 


Би шантрахыг хүсдэггүй

-Орон нутагт стандартын эмийн сангийн үйлчилгээг бий болгох, иргэдэд үйлчлэх асуудал нэлээд төвөгтэй байдаг гэж сонссон. 20 жил гэдэг багагүй хугацаа. Өнөөдрийн өндөрлөгөөс харж байхад танайд анх ажиллаж байсан хүмүүс тэр л хэвээрээ ажиллаж харагддаг. Хувийн хэвшилд ингэж тогтвор суурьшилтай байх их л ховор үзэгдэл байх даа. Ялангуяа орон нутагт. . . Энэ бүхэнд ажиллах нөхцөл, удирдлагын арга барил, зан харилцаа, ёс зүй гээд их л зүйл яригдах болов уу?

-Буянт рашаан ХХК маань 1999 оны  хоёрдугаар сард байгуулагдахдаа гуравхан хүний л бүрэлдэхүүнтэй байсан. Өнөөдөр бид 25 хүний бүрэлдэхүүнтэй болж, үйл ажиллагаа маань өргөжсөн. 2000 онд манайд ажилд орж байсан хүмүүс одоо болтол хорин жил “Буянт рашаан”-тай хамт байна. Хүн сургууль төгсч ирээд онол, практик хоёрыг хослуулж ажиллах шаардлага гардаг. Үүнтэй уялдуулан алдаа оноо гарах үе байна. Тэр болгоныг засч залруулж, сурган хүмүүжүүлж, мэдлэг боловсролоо хуваалцана гэдэг он цагийн асуудал л даа.  Миний хувьд тухайн хүнийг байгууллагадаа авсан л бол эм хангамжийн системийн хурдтай алхаанд нэгтгэж, хамт олондоо уусгаж ажиллахын тулд нэг бүрчлэн хүмүүстээ хандаж, сэтгэл гаргахыг хичээдэг. Манайд ажилд орсон хүмүүс аяндаа хамт олныхоо зөв хандлага, хүмүүжил, зөв ёс суртахуунд уялдаад ирдэг. Ажилтан ч, удирдлага ч шантардаг жишээ олон байдаг нь зарим байгууллагуудаас харагддаг. Миний хувьд шантрахыг хүсдэггүй. Яагаад гэвэл бид залуу явсан. Залуу хүн алдах онох зүйл бишгүй л гардаг. Алдаа болгоныхоо ард өөрийгөө засч залруулж явах юм бол тэр бүхэн чинь амжилт болж ирдэг гэж би боддог. Ийм ч учраас манай Буянт рашаан эмийн сангийнхан 10-20 жил хамтдаа ажиллаж, амжилтыг бүтээж байна даа. Дээр нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх,  ажлын орон тоо бий болгохын тулд стандартыг маш сайн мөрдөж бүхий л хууль эрх зүйн актанд нийцэж ажилладаг. Ажлын газар гэдэг бол бидний хоёр дахь гэр бүл. Хамт олныхоо дунд ороод аз жаргалтай, ажлынх нь амжилт өөдрөг явааг хараад би их баярладаг. Өнөөдөр эхний хүмүүс маань тэтгэвэрт гарах дөхлөө. Эд маань дараа дараагийн залуу үедээ зөвлөгч, дэмжигч болж ажиллах болно. Бүтээн босгосон бүхэн маань ахмад, залуу үе гээд манай хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Түүнчлэн хамт олны маань хөдөлмөрийг төр, хувийн хэвшлийнхэн дэмжиж, ард иргэд маань итгэл хүлээлгэн үйлчлүүлдэг нь бидэнд улам ихийг бүтээх өрнүүн сэтгэлд хөтөлдөг гэж хэлж болно.

-Ер нь та яагаад эмийн чиглэлээр бизнес эрхлэх болов. Энэ хугацаанд алдаа онооноосоо суралцаж багагүй туршлага хуримтлуулсан байх. Өнөөдрийн хувьд эмийн бизнес эрхлэгч хүнд хамгийн их тулгамдсан асуудал юу байна. Асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?

-Бодит амьдрал дээр болж бүтэхгүй юм байна л даа. Энэ салбарын хувьд нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа хөнгөлөлттэй эмийн жорын асуудал, антибиотикийг жоргүй олгож байгаа асуудал, дураараа эм аваад уучихдаг иргэд гээд. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд өнөөдөр яг эрүүл мэндийн системд ажиллаж байгаа бүхий л эмч мэргэжилтнүүдийн санал санаачлага нэгдэж байж бүрэн цэгцрэх асуудал юм. Жишээ нь хүн өвдөөд эмчид очоод үзүүллээ гэж бодъё. Жорын маягт байхгүйгээс өвчтнийхөө дэвтэр дээр нь бичих, эсвэл ямар эм уухыг нь амаараа хэлж өгөөд явуулдаг. Ийм ялихгүй зүйлээс болоод эмийн жор барих, зохистой хэрэглээ нь алдагдана шүү дээ. Өнөөдөр өрхийн эмч нарт жор бичих маягт авах санхүүжилт ч байхгүй. Улсаас жорын маягтаар хангаж өгч чадахгүй байгаа нь их хүндрэлтэй байна. Гэтэл өвчлөл их. Үүнийгээ дагаад эмч нарын ачаалал маш их байна. Бид хууль тогтоомжоо биелүүлэхийн тулд  орж ирж байгаа хүмүүст антибиотикийг жороор авна шүү. Энэ удаа танд  зөвлөөд өгье гээд л үйлчилж байна. Мэдээж эмч, эм зүйч, өвчтөн гурвын хамтын үйл ажиллагаагаар тухайн өвдсөн хүн эрүүл болно. Тийм болохоор үйлчлүүлэгчдэд зөв мэдээлэл өгч, тун ихдэж багадсанаас шалтгаалан антибиотик гэдэг чинь ийм хор хөнөөлтэй юм шүү гэдгийг ойлгуулж, заавал жортой үйлчлүүлэхийг зөвлөдөг. Өвдсөн хүн бол эмчийнхээ заасан жорын дагуу л эмийг зохистой хэрэглэх хэрэгтэй. Ард иргэддээ хэлэхэд та өвдсөн бол эмчтэйгээ нягт холбоотой байж жороор ирж үйлчлүүлэхийг дахин уриалж байна. Ингэснээр наад зах нь антибиотикийн дасал бий болохгүй.  Бид эмэнд дасал болох, эмийн замбараагүй хэрэглээг зогсоохын тулд “Антибиотикийн зохистой хэрэглээ” аяныг өөрсдийн хэмжээнд зохион байгуулж л байна. Энэ аянаа цаашид тогтмол зохион байгуулж, олон хүнийг хамруулж, мэдээлэл сурталчилгааг хүргэж чадвал ард иргэд маань дураараа эм авч хэрэглэх нь багасах байх гэж бодож байна даа.

-Хамт олны амжилтын нууц нь бүтээлч, хөдөлмөрч хүмүүсийн үр дүн байдаг. Танай “Буянт рашаан” ХХК-ийн хувьд хүмүүсээ хэрхэн мэргэшүүлж, чадавхижуулж байна вэ?

-Эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс байнга л сурч боловсорч, өөрсдийгөө чадавхижуулж, таван жилийн хугацаатай  эм барих эрхийн зөвшөөрлийг авч ажилладаг. Энэ мэт тасралтгүй суралцаж байдаг онцлогтой мэргэжил л дээ. Үүнээс гадна бид байгууллагынхаа жил бүрийн төлөвлөгөөнд  сургалт, мэргэжил дээшлүүлэх асуудлаа тусган хэрэгжүүлдэг. “Монголын Нэгдсэн Эм Холбоо”-ноос шинэ санаа, шинэлэг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар туршлагыг тогтмол судалж байдаг. Тухайлбал АШУҮИС, Моносын эм зүйн ШУ-ны их сургууль, Этүгэн их сургууль гээд ер нь л анагаахын их сургуулиудын багш, сурагчидтай холбоотой ажилладаг. Эдгээр газруудын төгсөгчид манайд ирж дадлага хийдэг. Үнэхээр л онол практик хоёр хосолж байж л үр дүнд хүрдэг учраас тэднээсээ авах, өгөх зөвлөмжүүд ч их байдаг.

Эмийн сангийн стандарт гэдэг бол монгол улсад хэрэгжиж байгаа бүхий л стандартыг шаарддаг

-Өнгөрсөн 2017 оныг танай хамт олон ажлын их амжилт, шагналын хураар үдэж байсан. Энэ онд ч бас чамлахааргүй ихийг хийж бүтээсэн нь таны ярианаас илт байна. Ер нь танай байгууллага ажилчдынхаа нийгмийн асуудалд яаж анхаарч байна вэ?

-Нийгмийн асуудлын хувьд манай хамт олон ажлаа оны эцсээр таван асуудлаар дүгнэж, цэгнэдэг. Энэ бол бүхэл байгууллагуудад байдаг асуудал байх. Манай ажилчдын 95 хувь нь эмэгтэй хүмүүс байдаг. Иймдээ ч байгууллагын уур амьсгал халуун дотно, нарийн нандин байж чаддаг. Миний хувьд эмэгтэй хүн гэртээ харихдаа гал тогоо нь тав тухтай байвал сэтгэл дүүрэн, ажилдаа ирэхдээ ч баяртай, сэтгэл хангалуун байдаг байх гэж боддог. Ингээд оны эхнээс л тэр айлд юу хэрэгцээтэй байна, юу дутуу байна түүнийг нь авч өгөхийг, шагналдаа оруулахыг хичээдэг. Олон жил ажилласан хүмүүсийнхээ гэрт хааяа ороход энэ зүйлийг би тэдэн онд шагналаар авч байлаа гэхэд нэг л сайхан. Авсан өгсөн юм маань одоо хүртэл гэрт нь хэрэглээстэй, зүүгээстэй хүндэтгэлтэй байхыг хараад маш их баяртай байдаг. Хаа байсан 20 жилийн өмнө өгсөн юм маань хүртэл байж байдаг. Дээрээс нь хань ижил, үр хүүхдүүдэд нь анхаарч тэд ямар сургуульд сурах гэж байна, ямар мэргэжилтэй болох гэж байна. Хань ижил нь ажил төрөлтэй байна уу гэдэг дээр санаа тавьж, манай удирдлагууд хамтарч ажилладаг. Үүний үр дүнд манай хамт олон, манай ажилчид энэ олон жил хамтдаа цуг байгаа болов уу гэж боддог. Манай компани нь ажил дээрээ ч ажилчдынхаа тав тухыг хангасан нөхцлийг бүрдүүлж, шаардлагатай ахуй хэрэглээний бүхий л стандарт нөхцөлийг хангаж ирсэн. Хот хөдөөгүй эмийн санд нэг л хүн ажилладаг байсан цаг саяхан. Гэтэл манайд бол жор баригч жороо барина, эм найруулагч эмээ найруулна, шил угаагч шилээ угаана, үйлчлэгч цэвэрлэгээ үйлчилгээгээ хийнэ гээд бүгд өөрт оногдсон ажлаа заасан журмаараа хийж ирсэн. Ингэснээр идэвхи зүтгэлтэй, сайн ажиллах боломжийг олгож өгсөн. Манай эм найруулагч эмээ найруулчихаад шалаа угаагаад зогсоно гэсэн ойлголт байхгүй. Ер нь эмийн сангийн стандарт гэдэг өөрөө эрүүл ахуйн стандарт, монгол улсад хэрэгжиж байгаа бүхий л стандартыг шаарддаг салбар юм.

-Чанар стандарт гэж ярихаар хуурамч эмийн асуудал сөхөгддөг. Энэ тал дээр ямар бодлого барьж ажилладаг вэ?

-Одоогоос 5-6 жилийн өмнө хойд ОХУ-аас маш их эм орж ирдэг байсан. Ингэж орж ирж байгаа эм ямар ч баталгаагүй. Би нэг жишээ хэлье л дээ. Цифатоксен, цифазолен гэдэг эмүүдийг хүмүүс хойноос ихээр оруулж ирээд үнэ багатай зардаг байсан боловч тухайн эмүүдийн гол үйлчлэх бодис нь 50 хувь ч хүрэхгүй үйлчлэлтэй эмүүд байсан. Эдгээрийг хувийн компаниуд нь үйлдвэрлээд байдаг байлаа. Ийм эмнүүд нь нөгөө өвчтэй хүнд, нярай хүүхдэд үр ашгаа өгөхгүй хий хатгалт л болохоос биш ямар ч эмчилгээ болохгүй байна гэдгийг бид мэдээд, оруулж ирдэг хүмүүстэй нь очиж уулзаж, нэгнээ хайрлаач ээ гэдэг асуудлыг тавьдаг байсан. Тодруулбал мезимфорд гэдэг эм гэхэд манай улсын эмийн бүртгэлд ямар сав боодолтой, хагалаад үзэхэд доторх нь ямар тунлал, эмийн нийцэл байна гэдэг нь гадаад төрхөөрөө харагддаг. Гэтэл эмийн төрх өөр, бичлэг нь хүртэл өөр, цоохортчихсон байхад тухайн үед иргэд мэддэггүй байсан. Харин  одоо бол хүмүүсийн эмийн хэрэглээ харьцангуй өөр болсон учраас хуурамч эмийг мэддэг болжээ. Хэрэглэх нь ч багассан.  Өнөөдөр эмийн санд стандартын дагуу 6-7 хүн ажиллаж байна. Тэр хүмүүс маань нэгийгээ хянаад, өөртөө тавих хариуцлага өндөр, туслах ажилтнууддаа зөвлөж, мэргэжлийн дагуу нэгдмэл баг болж   ажилладаг учраас яг тэр обьектод хуурамч эм оруулж ирэх ямар ч үндэслэл байхгүй. Дээр нь бүх юм цахим болж, камержиж, хяналт сайжирсан. Манай МХГ-ын улсын байцаагч н.Шинэчулуун маш сайн ажиллаж байгаа. Уг нь хуурамч эмийн асуудал бол ганцхан Шинэчулууны ажил биш, бүх ард иргэдийн ажил юм. Өөрөө өөрсддөө хяналт тавих ёстой. Үүнийгээ дагаад сүүлийн нэг жилд иймэрхүү үзэгдэл үнэхээр хумигдсан. Иргэд ч хуурамч эмийн хэрэглээ, үр дүн өөрсдөд нь мэдэгдээд ирсэн учраас хошуурахаа больсон. Ер нь хил даваад л орж ирсэн бол манай улсын эмийн бүртгэлд заавал бүртгүүлсэн байх ёстой. Ингэж бүртгэгдээгүй л бол түүнийг хуурамч эм гэж үздэг. Хуурамч эмийн асуудлаар манай ЭМЯ, МХГ-аас маш олон ажлуудыг зохион байгуулж байна. Үр дүнд нь манай ард иргэд эмийг хэрэглэхдээ чанар стандартыг мэдэрч, олон сувгаар мэдээлэл авч, таньж мэдэх чадвартай болсон байна. Манай улсад Энэтхэг, Тайланд, Индонез улсаас оруулж ирж байгаа эмүүд тохирлын гэрчилгээтэй, бүртгэгдсэн байдаг. Эцэст нь хэлэхэд иргэд монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн сер дугаартай, баталгаатай эмийн сангуудаар л үйлчлүүлээсэй гэж хүсэж байна.

Ажлын анхны гараа шулуун байгаагүй

-Аливаа ажил явуулахад дардан байхгүй нь мэдээж. Хоёулаа эм, эмийн салбарын талаар олон зүйлийг ярилцлаа. Ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан үеэ дурсаач?

-Би 10-р ангиа онц дүнтэй төгссөн. Өөрөө бол худалдааны мэргэжилтэй болохыг хүсдэг байсан ч аав маань намайг эмч, эмийн мэргэжилтэй хүн болохыг зөвлөдөг байсан. Намайг онц төгсөхөд улсаас малын зоотехникчийн ангийг шууд өгч байлаа. Би авалгүй конкурсдээд  эм найруулагчийн ангийг сонгон авч байсан. Надад энэ мэргэжлийг сонгоход Сэлэнгэ аймгийн Сант суманд насаараа эмийн санчаар ажилласан эм найруулагч эгч Лхагвацэрэн гэдэг эгч их нөлөөлсөн. Заримдаа эм авахгүй ч гэсэн эмийн сангаар ороход Лхагвацэрэн эгч маш гоё цэвэрхэн орчинд, өөртөө маш итгэлтэйгээр хүмүүст үйлчилж байдаг. Их гоё ааштай. Тэгээд тийм жижигхэн эм уугаад эдгэрч байгаа ээжийгээ хараад их л нандин мэргэжил юм байна даа гэж бодогдсон. Би АУДуС-ийг төгсөөд Орхонтуул суманд нэг жил ажилласан. Тэр хугацаандаа  маш их үр дүнтэй ажиллажээ гэж боддог. Шууд очоод иргэдийнхээ дунд ороод ажилласан. Тэр үед эмэгтэйчүүдийн лаа, нүднийхээ дуслыг хийгээд бүх дотоод бэлдмэлийнхээ эмийг өөрөө гардан хийдэг байсан. Их л сайхан санагдаж, сумынхан маань  хүндлээд л. Ахмадуудаасаа их ч зүйл сурч, маш их туршлага хуримтлуулсан.

-Та бас аймгийн Эм хангамжийн газар багагүй жил ажилласан санагдаж байна...?

-Анагаахын дунд сургуулийг төгссөн ч дээд мэргэжлийн орон тоон дээр тасралтгүй 10 жил ажилласан маань бас нэг бахархал юм. Сэлэнгэ аймгийн эм хангамжийн газар гэдэг бол бүхэл бүтэн аймгаа хангасан том байгууллага байлаа. Энэ байгууллагын нөөцийн тасгийн эрхлэгчээр 10 жил ажилласан нь маш их туршлага хуримтлуулсан жилүүд байлаа. Эм импекс концерны хамт олныхоо дэмжлэг, урмаар би ч шаргуу хөдөлмөрлөсөн. Тэр үед бидэнд төлөвлөгөө гэж өгдөггүй, сумдууд эм авна гэвэл өгчихөөд их л завтай суудаг байсан үе. Нэг хэсэг манайд эм тасарч, малын эмүүд л байх. Энэ л үед би нөөцийн тасгийг эрхэлж байлаа. Маш их эмтэй, эмийн сонголттой үед ч ажиллаж байлаа. Энэ үед ямар эмийг сонговол ард иргэдэд тустай бол гэсэн олон анализ хийж, практикт нэвтрүүлж ирсэн.

-Хувийн эмийн сан ажиллуулах санаа анх хэдийд төрж байв?

-1992 оны үед бид арван хэдүүлээ ажилгүй шахам улсаас цалин авчихаад суудаг байсан үе. Хамгийн анхны хувийн эмийн худалдааг манай Батчулуун эмч эхэлсэн гэж болно. Үнэхээр дайчин шаргуу хөдөлмөрч хүн дээ. Үүнийг хараад л эмч хүн ингэж ажиллаж байхад жинхэнэ эмийн мэргэжилтнүүд бид яагаад зүгээр суух гэж би бодсон. Сэлэнгэ аймагт Отгоннаст гээд анхны хувийн эмийн санг талийгаач н.Гангаа дарга, гэргий н.Наранцэцэгтэйгээ байгуулсан. Тэгээд дараа нь манайх, Сэлэнгээ гээд бид дэс дараалан гарч хувийн эмийн сангаа байгуулж байлаа.  Ажлын анхны гараа шулуун байгаагүй. Би зөвшөөрлөө авсан ч гэсэн татварын албанаас албан ёсны тоот авах ёстой байсныг аваагүй хаяг тавилаа гээд 200.0 мянган төгрөгөөр торгуулж байлаа.  Ажлаа эхлээ ч үгүй байсан. Тухайн үедээ маш өндөр торгууль байв. Энэ торгуулийг би ер сөргөөр хүлээж аваагүй. Хувийн байгууллага ажиллуулна гэдэг маш нарийн, хууль дүрмийг маш сайн сахих ёстой юм байна гэдгийг мэдэрсэн. Дуртай нэг нь эмийн сан байгуулаад явах ажил ч биш юм байна. Ийм учраас эм зүйч, туслах ажилтан, эм найруулагч гээд байх ёстой мэргэжилтнээр багаа бүрдүүлэх ёстой юм байна  гэдэг үүднээс стандартыг нарийн хэрэгжүүлж ажилласан. Ингээд 2009 оноос эхлээд өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж, эхлээд нягтлан эдийн засагч мэргэжлийг эзэмшсэн. Дараа нь компанийн захирал нь эм зүйч байх ёстой гэсэн шаардлагын дагуу Монос дээд сургуульд оюутны дотуур байранд суугаад тасралтгүй гурван жил суралцсан. Бас хажуугаар нь удирдлагын академид суралцсан даа.

-Хөлс хүчээ зориулан байж бий болгосон бизнес тань өргөжиж байна.  Үр хүүхдүүд тань таны үйл хэргийг үргэлжлүүлэх нь дамжиггүй. Таны энэ хөдөлмөрч зан чанар хэнээс өвлөгдсөн гэж бодож байна. Та хүүхдүүддээ юуг эрхэмлэн хэлж, захидаг вэ?

-Манай аав жолооч хүн. Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллаж амьдарч байсан. Тухайн үед МАХН гэж байсан. Намын үүрийн даргыг олон жил хийсэн дээ. Миний аав шударга, хөдөлмөрч, тууштай хүн байсан. Би аавынхаа тэр занг авсан юм болов уу гэж боддог. Би шударга байхыг хүсдэг. Шударга үнэн ил тод байх тусмаа л юм цэцэглэн хөгжиж байдаг. Худал хуурмаг зүйл ч хэзээд ил тод болдог учраас би шударга ил тод хүмүүстэй ажиллах дуртай. Хамт олноо ч тийм байлгахыг хүсдэг. Би гурван хүүхэдтэй. Том хүү маань аяти инженер. Энэ мэргэжлээрээ АНУ-д их сургууль төгсөөд одоо америкт магистраар сурч байна. Охин маань Шанхай хотын Уламжлалт Анагаах Ухааны дээд сургуулийг уламжлалтын их эмч мэргэжлээр төгсч ирээд монголдоо хоёр жил ажиллаад одоо магистраар сурч байна.  Өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх үүднээс давхар АШУҮИС-ийн хоёрдугаар дамжаанд эм зүйч мэргэжлээр сургаж байна. Үр хүүхдүүдээ оюуны хөрөнгө оруулалт сайн хийнэ гэдэг бол маш их хөдөлмөр, сайхан бахдам ажил юм. Бага хүү маань 7-р ангид сурч байна. Одоо уламжлалтын эмч болно гээд л зорилго тавьчихсан байгаа. Уламжлалт анагаах ухааныг эм зүйтэй нь давхар эзэмших юм бол илүү үр дүнтэй төгс  эмч болно гэж би охиндоо хэлдэг. Эм зүй, уламжлалт анагаах ухаан хоёр нэгдмэл байж бас эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарна гэж боддог.

-Та чинь Эм холбооны тэргүүлэгч, бас Моносын Сэлэнгэ салбарын захирал гэсэн байхаа. Энэ олон хариуцлагыг нэг биенд тээж явна гэдэг амаргүй байхдаа. Бас та аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож иргэдийнхээ дуу хоолойг төрдөө хүргэж явсан хүн. Өнөөдөр ард иргэдийн төлөө юу хиймээр, ямар зүйл үгүйлэгдэж сэтгэлийг тань чилээж явдаг талаар сэтгэлээ хуваалцаач. Мөн цаашид хийхээр төлөвлөсөн шинэ санаа, ажил үйлс юу байна?

-Тиймээ. Би Сэлэнгэ аймгийнхаа эм холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Энд эм хангамжийн системд ажиллаж байгаа бүхий л хүмүүс нэгдэж ажилладаг. Бид өнөөдөр эм зүйн тусламж үйлчилгээг хэрхэн яаж зөв зохистой явуулах талаар хамтарч ажиллаж байна. Хувийн хэвшилд байдаг ч гэсэн бид нар Монгол Улсынхаа нэгдсэн эм холбоотой нэгдэж дуу хоолойгоо нэгтгэж яваа. Би Монос Фарм Трейдын харьяа Сэлэнгэ аймгийн Монос эм ханган нийлүүлэх салбарын захирлаар ажиллаж байгаа. Маш их хариуцлагатай  ажил. Монос групп маань дотроо Монос Хүнс, Монос Фарм, Монос Косметик, Монос эмийн үйлдвэр, Монос Улаанбаатар, Монос Трейд  гээд олон салбартай. Манай салбар нь дотоодын 20 гаруй, дэлхийн 50 гаруй орны 80 гаруй пүүсүүдийн 5000 орчим нэр төрлийн эм бэлдмэл, эмнэлгийн техник тоног төхөөрөмж, вакцин, оношлуур, асаргаа сувилгаа, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн чиглэлээр  тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий эмнэлэг, эмийн сангуудийг  хангах   үйл ажиллагааг явуулдаг. Мөн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал, Хөтөл, Сумдын Эрүүл Мэндийн  Төвүүдийн эм, эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээний дагуу  ханган нийлүүлж ажиллаж байна. Энэ их ажлыг гүйцэтгэхэд дан ганц миний биеэс гадна манай хамт олны хамтын  хүч хөдөлмөр, цаг хугацааны үр дүнд энэ салбарын маань үйл ажиллагаа амжилтай явагдаж байна.

Би Ардчилсан Намаас 2008, 2012 онд аймгийн ИТХ-ын төлөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан.  Нэлээд олон ажлуудыг, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу зохион байгуулж амжилттай хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Ямар ч намын төлөөлөл ард түмнийхээ төлөө, улс орныхоо төлөө гэсэн нэг л зорилготой байдаг. Гэхдээ ажил үйлс хэрхэн ард иргэддээ хүрч байгаа нь тухайн удирдлагуудын үйл ажиллагаанаас шалтгаална.  Миний хувьд бүгд л сайн сайхан яваасай гэж боддог.         

Би  Сэлэнгэ аймгийн Ратори клубын гишүүн.  Манай клуб нь  хүмүүнлэг, хүний сайн сайхны төлөө, бусдын сайн сайхны төлөө гэсэн хүмүүсийн  баг юм.  Ротари клубынханы хийсэн бүтээсэн ажил бүхэн дандаа хүмүүнлэгийн чанартай байдагт их бахархаж явдаг. Мөн манай аймагт Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо гэж байдаг. Энэ холбооны дэд даргаар ажиллаж байна. Бидний гол зорилго бол аймгийнхаа 17 сум, 5 тосгоныхоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн судалгааг гаргаж, туршлага судлах, шинээр бизнес эхэлж байгаа нэгэндээ дэм өгөх, тусалж дэмжих, төрийн болон төрийн бус байгуулаггуудтай хамтарч ажиллах гүүр  болж өгөх зорилготой. Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооноос зохион байгуулагдаж байгаа хурал, зөвлөгөөн, чуулганд оролцож манлайлагч эмэгтэйчүүдийн туршлага, зөвлөгөөг сонсон хэрэгжүүлж ажиллаж байна.  Аймагтаа үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжиж худалдаж авах, арга хэмжээнд оролцуулах, гарын бэлгэнд тэднийхээ барааг оруулж таниулах, тэднийгээ сурталчлах, ажил үйлсийг нь дэлгэрүүлэхэд манай ажлын гол зорилго чиглэгдсэн. Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань орон нутагтаа  хувь нэмрээ оруулж, татварын оршин тогтнох үйл ажиллагаанд бидний оролцоо ихэнх хувийг эзэлж байгаа болов уу гэж харж явдаг даа.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт бүс нь 24 цагийн нээлттэй бүс болсон.   Олон улсын дамжин өнгөрөх зорчигчидод эмийн сангийн үйлчилгээ нэн шаардлагатай байна. Иймээс бид Сэлэнгэ аймагтаа анх удаагаа 24 цагийн хүргэлттэй эмийн сангийн үйлчилгээ эхлэх гэж байна. 

Хүмүүсийн үйл хөдлөл, үг яриаг эерэгээс тусгаж авах ёстой юм байна гэдгийг амьдралаас ойлгосон

-Ер  нь амьдралын зам мөр тэгш, нэр бүтэн байх энгийн байдлаас эхтэй болов уу.  Удирдагч хүний хамгийн нандин зүйл таны бодлоор юу юм бол. Амжилтанд хүрсэн хүний үг алтнаас ч үнэтэй?

-Хүнд ер нь өссөн орчин хамгийн чухал. Түүн дээрээ хэрхэн амьдрах аргыг хүн бүр өөр өөрөөр олж авдаг. Мэдээж бидний аав ээжийн үед ажлынхаа үр шимээр амьдарч ирсэн. Би оюутан болчихоод анхныхаа степэндээр ээж аавдаа хамгийн түрүүнд бэлэг авч өгье гэсэн миний анхны сэтгэгдэл л энэ арвич хямгач, бусдын төлөө эцэг эх, анд найз, хамт олон, надтай хамтарч байгаа бүхий л хүмүүсийн итгэлийг авах, хариу итгэл өгөх хэмжээнд бий болгосон юм болов уу. Сайн хөдөлмөрлөж байвал  их үр өгөөж ирдэг юм байна гэдгийг бүр бага наснаасаа эхэлж мэдэрсэн.

Ер нь ямарваа нэг юм чинь үнэхээрийн цогц байж  амжилтанд хүрч үр дүнд хүрнэ. Өөрийнхөө олж мэдсэн мэдлэг, чадвар оюун билгээ л бүгдэд түгээх хэрэгтэй. Хүн бүр л зөвхөн нэг хайрцагт биш санаачилгатай байх хэрэгтэй. Бүгдийг зөв талаас нь харж, эерэг байж, сэтгэж бодох хэрэгтэй. Хүмүүсийн үйл хөдлөл, үг яриаг эерэгээр тусгаж авах ёстой юм байна. Өнөөдөр аливаа зүйлийг харлуулах бодол хорт хавдар шиг түгж байна. Үүнийг болих хэрэгтэй. Улс төржих явдал эмгэнэлтэй шүү дээ. Аль болох гэрэлтэй замналыг хамтын хүчээр бий болгож, сайхан ирээдүйг бид бүтээж иргэнийхээ үүргийг биелүүлмээр санагддаг.

 

Связанные новости