СЭЛЭНГЭ: Жэжү Олон улсын Хүүхэд залуучуудын чуулганд оролцох сурагчдыг шалгаруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-14 14:21:06

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Жэжү мужийн Боловсролын газартай хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулдаг “Жэжү Олон улсын Хүүхэд залуучуудын чуулга” уулзалтад оролцох сурагчдыг сонгон шалгаруулж байна.

 

11 дэх жилдээ болох гэж буй дээрх чуулга уулзалтад Сэлэнгэ аймаг сурагчдаа оролцуулах бэлтгэлийг базаагаад байна.

 

Олон орны хүүхдүүд чуулдаг энэхүү том чуулганаар хүүхдүүд дэлхийд тулгамдаж буй асуудлуудын талаар судалж хэлэлцдэгээрээ онцлогтой.

 

Энэ удаагийн чуулганд оролцохоор бүртгүүлсэн сурагчдын дунд 8-р сарын 18-ны өдөр цахимаар ярилцлага хийж, ердөө 4 сурагчийг шалгаруулах юм.  

 

Чуулганд оролцох хүүхдүүд ЕБС-ийн ахлах ангид суралцдаг байх, англи хэлний ярих, сонсох, бичих, унших чадвар маш сайн, илтгэх чадвар эзэмшсэн байх зэрэг шаардагыг давсан байх ёстой.   

 

Өмнө нь тус чуулганд 2023 онд Сэлэнгэ аймгийн багш, сурагчид 9 дэх жилдээ оролцож, Мандал сумын ЕБ-ын 4-р сургуулийн англи хэлний багш Д.Оюунтуяа, Сүхбаатар сумын 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Н.Маргад, 11-р ангийн сурагч Ц.Тужманлай, Баянгол сумын ЕБ-ын сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Нарангэрэл, Мандал сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн 11-р ангийн сурагч М.Хүслэн нар чиглүүлэгчээр ажиллаад ирсэн байгаа.

 

Тус чуулганд Канад, АНУ, Катар, Саудын Араб, Япон, Финланд, Филлипин, Вьетнам, Хятад, Тайвань, Омани, Солонгос зэрэг орнуудаас 29 баг, 40 багш, нийт 201 сурагчид оролцжээ. 

Связанные новости