СЭЛЭНГЭ: Үзэсгэлэнт Сэлэнгэ мөрөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-16 17:31:43

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрдөг Сэлэнгэ мөрөн нь маш үзэсгэлэнт хөндийгөөр урсдаг байна. Ялангуяа Эг-Сэлэнгэ, Орхон-Сэлэнгийн бэлчир нь маш их үзэсгэлэнтэй бөгөөд энэ бүс газарт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой юм.

 

Сэлэнгэ мөрөн нь Монгол Улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ юм. Нийт том жижиг бүх цутгал голуудын усан сүлжээний уртын нийлбэр 20000 км бөгөөд Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна.

 

Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын нийт усны 50 хувийг хангаж өгч байдаг хамгийн том цутгал юм. Тус мөрний усны найрлага, химийн бүтцээр манай орны томоохон голууд дотор хамгийн их эрдэсжилтэйд тооцогдох ба гидрокарбонатын ус бүхий голуудад хамаардаг. Тус мөрний усны дундаж зарцуулалт Орос, Монголын хилийн ойролцоо 310 м³/сек, 127 км, цаана адагтаа 935 м³/сек зарцуулдаг байна.

 

Сэлэнгэ мөрөнд манай орны томоохон гол мөрөн болох Дэлгэр, Идэр, Хануй, Эг, Орхон зэрэг голууд цутгадаг байна. Дэлгэр, Идэр хоёр голын бэлчрийг Сэлэнгийнх гэж үзвэл Сэлэнгэ мөрний нийт урт 1024 километр, түүнээс 615 км нь Монгол Улсын нутагт байна. Сэлэнгэ мөрний талбайн хэмжээ 447000 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний 55 хувь буюу 282000 хавт.дөр.км нь манай орны нутаг дэвсгэрт оногддог юм. Сэлэнгийн тогтолцоонд хамаарах нийт голын талбай Умард мөсөн далайн талбайн 87,3 хувь, манай орны нутаг дэвсгэрийн 28 хувийг тус тус эзэлж байна.

 

Сэлэнгэ мөрөн нь хилэм загасны гол нүүдэллэдэг, түрсээ шахдаг газар нь юм. Тус мөрөн 26 зүйлийн загастай. Эдгээрээс цурхай, зэвэг, алгана, булуу цагаан, хадран, улаан нүдэн, гутаарь нь агнуурын ач холбогдолтойд ордог ч агнуурын үнэт загасанд сибирь хилэм, тул, омуль багтдаг байна.

 

Сэлэнгэ мөрөн 1751, 1785, 1830, 1864, 1867, 1869, 1872, 1897 онуудад ихээхэн хэмжээгээр үерлэж байсан баримт бий. Сэлэнгэ мөрөн 11 сарын хоёрдугаар хагасаас дараах оны 4 сарын хууч хүртэл 140-185 хоног хөлддөг. Мөсний зузаан нь 67-167 см байна. Усны температур нь өвөл 0 хэм хүртэл хөрдөг бөгөөд 1973 оны зун нэмэх 25 градус хүртэл халж байжээ.

 

Сэлэнгэ мөрний эрэг дагуу үржил шимт уужим хөндийтэй. Татам дагууд нь шинэс, улиас бүхий өтгөн бургас, бут сөөг ургана. Голын эхний хэсэгт голдрилын өргөн 60-70 м, салаа татуурын өргөн 10-25 м, цээл цүнхэлдээ 2,5-3,0 м байснаа адаг руугаа голдрилын өргөн 100-250 м, усны гүн харгиа боргиотой газраа 1,0-2,0 м, цээл цүнхэлдээ 4-5 м хүрдэг. Сэлэнгэ мөрний адаг нь маш өвөрмөц бөгөөд нуур луу задарч, олон садраа үүсгэн цутгадаг. Садраа нь маш том ба 680 км² талбай үүсгэдэг байна.



Связанные новости