Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-07 21:30:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2019 оны аварга шалгаруулах жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр буюу энэ сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо Биеийн тамир спортын ордонд эхэллээ.

Монгол Улсын спортын түүхэнд анхны Олимпийн аваргыг төрүүлсэн спорт бол жү-до бөхийн спорт юм. Энэхүү спортыг аймаг орон нутагтаа хөгжүүлэх их үйлсэд мэдлэг, ур чадвар, бүхий л амьдралаа зориулан хөдөлмөрлөсөн Монгол Улсын спортын мастер, багш, сурган хүмүүжүүлэгч, ОХУ-ын Буриад Улсын гавьяат дасгалжуулагч, “Алтан гадас” одонт Данзангийн Эрдэнэбатын нэрэмжит болгон явуулж буйгаараа энэ удаагийн тэмцээн онцлогтой болж байна. Тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа албан ёсоор нээлээ. Энэхүү тэмцээн нь тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Токио-2020” Олимпын их наадамд оролцох, Дэлхийн чансааны оноо олгох Гран-При, Их дуулга зэрэг өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг жүдочдод олгодгоороо тэмцээний чансааг илтгэдэг байна. Тэмцээний хоймор Сэлэнгэ аймгийн жү-до бөхийн холбооны тэргүүн Д.Бадрах, олимпийн хүрэл медальт МУГТ Р.Даваадалай, Самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, МУГТ Г.Жамсран, МЖБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч н.Төмөрболд, Б.Одхүү, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Л.Балжинням, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин н.Нармандах нарын хүмүүс тухлан саатжээ. Нээлтийн арга хэмжээний үеэр Д.Эрдэнэбат багшид Монголын жү-до бөхийн холбооноос “Хүндэт өргөмжлөл”-ийг гардуулан өглөө. Мөн Сэлэнгэ аймгийн БТСГ болон ах дүүс, үе үеийн шавь нар, найз нөхөд, уяачдын зүгээс мөн хүндэтгэл үзүүллээ.

Тэмцээн энэ сарын 7, 8, 9-ний өдрүүдэд үргэлжлэн явагдах бөгөөд тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 52, 57, 63, эрэгтэй 60, 66, 73 жингийн аваргууд тодорлоо. Тэмцээн маргааш үргэлжлэн явагдана.

 

 

Связанные новости