Хилэнтийн гүүрэн дээр хяналтын пост ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-08 09:32:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 6 километрт орших Хилэнтийн гүүрэн дээр хяналтын пост ажиллуулж эхэллээ.

Энэ гүүрээр даац хэтрүүлсэн машинууд явж байгаагаас эвдэрч, нурж болзошгүй болсон учир эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Могойн голоос Хилэнтийн гүүрээр Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг өнөөдрөөс 4-р сарын нэгэн хүртэл Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт актаар зогсоож  байгаа юм.

Хяналтын постоор Эрдэнэт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг нэвтрүүлэхгүй бөгөөд харин орон нутгийн буюу тус аймгийн сумдын хэрэглээний нүүрсийг зөөвөрлөж буй машинуудын даацыг шалгаж зөвшөөрөгдсөн стандарт хангасныг зорчуулах гэнэ. 180 метр төмөр бетонон Хилэнтийн гүүр хэвийн хэмжээнээс хотойж зарим багананд хазайлт үүссэн учир яаралтай засахгүй бол гүүр эвдэрч Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Төмөрбулаг, Цэцэрлэг, Бүрэнтогтох сум болон Архангай, Завхан чиглэлийн авто замын хөдөлгөөн зогсож иргэдийн хэвийн зорчих нөхцөл саатах хүндрэл үүсэх ажээ.

Связанные новости