Орон нутгийн түүхий эдэд тулгуурлан хийсэн байгаль экологид халгүй бүтээгдэхүүнийг шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран сар шинийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гараас шууд хүргэх зорилготойгоор "Цагаан сар-2019" үзэсгэлэн худалдааг энэ сарын 28-аас хоёрдугаар сарын нэгэн хүртэл аймгийн Бөхийн өргөөнд зохион байгуулна.
Энэ үеэр аймаг орон нутгийн түүхий эдэд тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг нутгийн өвөрмөц онцлогийг хадгалсан, байгаль экологид халгүй, дэвшилтэд технологиор үйлдвэрлэсэн ба технологи үйл ажиллагаа нь тогтворжсон бүтээгдэхүүн нь холбогдох стандартын үзүүлэлтийг хангасан, чанарын баталгаажилтад хамрагдсан шилдэг бараа бүтээгдэхүүнийг шалгаруулах ажээ.
Үзэсгэлэн худалдааны үеэр хэвийн боов, сүү, ааруул, өрөм
бяслаг, цагаан идээ, таваг, цар, дээл, гутал болон сар шинийн бэлгийн барааг
нэг дор худалдаална. Сар шинийн өдрүүдэд цагаан идээний үнэ малчны хотноос
ченжийн гарт орж хэд дахин нэмэгддэг бол үзэсгэлэн худалдаанд малчид өөрснөө
оролцож хямд үнээр иргэдэд мах, сүүгээ худалдахаараа онцлог аж. Мөн энэ үеэр
монгол дээл, загварын дээл, үнэгэн малгай булган малгай зэргийг худалдах аж.