Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн сумдын мэдүүлэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнууд энэ сарын 15-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гарган тайлагнах үүрэгтэй байдаг байна. Энэ дагуу тус тайлан, мэдүүлгийг хэрхэн үнэн зөв гаргах тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, 2019 оны бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор эл сургалтыг явуулжээ.
Дээрх эрх бүхий албан тушаалтнууд нь авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д заасан албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавьж ажиллах, авлигатай тэмцэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг юм.