Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэд, байгууллагуудад хүргүүллээ.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Булган, Төв, Орхон, Дундговь аймгуудад Африкийн гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлжээ. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, Баянхонгор аймгийн хэмжээнд уг амьтны гаралтай мах махан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хяналтын тооллого хийж, аймаг руу нэвтрүүлэхгүй байх, хоол үйлдвэрлэлд ашиглахгүй байх талаар аймгийн Засаг даргын захирамж гараад байна.
Уг өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайн дунд халдварладаг цочмог халдварт өвчин аж. Иймд мөн төрлийн аж ахуй эрхэлдэг иргэдийг гарал үүсэл нь тодорхой бус амьд гахайг бусад гахайн сүрэгтэй нийлүүлэхгүй байх, гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, тогтмол халдваргүйтэл хийхийг анхааруулж байна. Мөн тэжээвэр гахайг байнга хараа хяналтандаа байлгаж, хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурийн газраар бэлчээхгүй байх, гахай болон хашаа хороо, хоол тэжээлийн ялгадастай харьцсаны дараа хувийн ариун цэврийг сайтар сахиж, өмссөн гутал, хувцсаа халдваргүйжүүлэхийг зөвлөлөө.
Хэрэв сүрэгт шалтгаан тодорхойгүйгээр амьтан үхсэн бол нэн даруй мал эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай гэв.