Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хяналт, шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-17 22:04:02
Баянхонгор /МОНЦАМЭ/. Сар шинийн баяртай холбогдуулан орон нутгаас Улаанбаатар, Улаанбаатараас орон нутгийн чиглэлд тээврийн хэрэгсэл, зорчигч иргэдийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор улс, хот хооронд, орон нутгийн автозамд зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх үүднээс “Сар шинэ-Тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэр” хяналт шалгалтыг эхлүүллээ.
Тус арга хэмжээг аймгийн Авто тээврийн газар, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамтран зохион байгуулж байна. Хяналт шалгалт нь Автотээврийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилготой юм байна. Хяналт шалгалтыг хоёрдугаар сарын дөрвөний өдөр хүртэл Авто тээврийн төв болон Замын цагдаагийн хяналтын постуудад зохион байгуулна.
Связанные новости