“Архигүй аймаг, сум, баг, айл өрх, хамт олон” болохын төлөө хамтран ажиллахыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас ард
иргэддээ хандаж дараах уриалгыг гаргасан байна.
Уриалгад ”Монголын ард түмэн эрт үеэс сүүг идээний дээж
хэмээн хүндэтгэж, архийг гурван хар хорын нэг хэмээн жигшиж ирсэн сайхан
уламжлалтай билээ. Сүүлийн үед архидалт, ядуурал, гэмт хэрэг, зөрчил, нийгмийн
бусад гаж сөрөг үзэгдэл ихсэхийн зэрэгцээ эдгээрээс шалтгаалан гэр бүлийн
хүчирхийлэл нэмэгдэх болж, та бидний амар тайван, амгалан аж төрөх орчинд
нөлөөлсөөр байна. Хүчирхийллийн улмаас ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд хохирогч
болж, биеийн болон сэтгэл санааны дарамтад орсноос сэтгэл гутрах, бусад
сэтгэцийн хямралд өртөж, эрүүл мэнд, амь нас нь ноцтой хохирч зарим тохиолдолд хүүхэд
хохирогч болон үлдэж байна.
Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, ялангуяа
хүүхдийн дэргэд хэрэглэх нь тэдний хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлдэгийг
олон улсын сэтгэл зүйлчид тогтоосон байна. Монгол Улсын улсын зөрчлийн тухай, хүүхэд хамгааллын, гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүүхдийн дэргэд согтууруулах ундаа
хэрэглэхийг хориглосон байдаг.
Бид архидан согтуурахтай хүчээ нэгтгэн нэгдмэл бодлого чиглэлтэй,
нийгэм, хамт олны ёс суртахуун, сэтгэл зүй, амьдралын хэв маягийг өөрчилж,
эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж, “архигүй хамт олон”, “архигүй баг”, “архигүй гэр
бүл” болох нь гэр бүл, хамт олон цаашлаад улс орны хөгжил дэвшилд томоохон хувь
нэмэр оруулах нь эргэлзээгүй юм.
Иймд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,
хамт олон, иргэд та бүхэн тэмдэглэлт баяр ёслол, уулзалт, ямарваа нэгэн арга
хэмжээг архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх шийдвэр гарган, түүнийгээ хэрэгжүүлж,
иргэн бүхэн өмнөө зорилгоо тавин хэвшүүлэх. “Архигүй аймаг, сум, баг, айл өрх, хамт
олон” болохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэжээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар 779 гэмт хэрэг
бүртгэгдсэний 193 нь согтуугаар үйлдэгдсэн байна. Энэ нь нийт гэмт хэргийн 24.3
хувийг эзэлж байгаа ажээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 14,
зөрчил 876 бүртгэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 34
буюу 66.7 хувь нь согтуугаар үйлдэгдэж,
золгүй учирлын 137 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 44 буюу 32.1 хувь нь
согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь насаа алджээ.