Зарим нутгаар цасгүй байгаа тул хуурайшилт эрт эхлэх төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Энэ өвлийн хувьд Увс аймгийн нийт нутгаар цас бага, зарим нутгаар цасгүй байгаа тул хуурайшилт эрт эхлэх төлөвтэй байна. Иймд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эрт эхлүүлэх шаардлагатай хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
“Өнгөрсөн онд нийтдээ 306 удаагийн мэдээг шалгаж төвд шуурхай дамжуулсан. Цаг агаарын бодит мэдээ дамжуулалт цахим болж 9 өртөө, 9 харуул, 10 ус судлалын харуулын ажиглалтын бодит мэдээ цахим хэлбэрээр дамжиж эцсийн хэрэглэгчдэд 10-20 минутад очих боломжтой болсон. Мөн Ховд, Наранбулаг харуулыг өртөө болгон өргөтгөж, Бөхмөрөн харуулыг 2018 оны 10 сараас дахин сэргээн ажиллуулсан. Байгаль орчны шинжилгээний лаборатори маань системийн хэмжээнд тэргүүн байранд шалгарч улсад 10 дахь удаагаа тэргүүлж байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжилтэн М.Отгонхүү хэллээ.