Ойн талаарх бүх нийтийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-03-21 17:23:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын ойн өдрийг энэ онд “Ой ба боловсрол” сэдвийн дор дэлхий даяар тэмдэглэж байна.

Энэ өдрийн хүрээнд БОАЖЯ-ны санаачилгаар, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим хамтран “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний IV хурлыг зохион байгууллаа. 

Хурлаар  монгол орны ойн талаарх төрийн бодлого, ойн боловсрол, шинжлэх ухааны талаарх тулгамдсан асуудлууд, уур амьсгалын өөрчлөлтийн ойн экосистемд үзүүлж буй нөлөө, ойн төлөв байдал, ойн хомсдол, доройтлыг бууруулах, ой ашиглалт, ойжуулалт, нөхөн сэргээлтийн менежмент, технологийг боловсронгуй болгох чиглэлээр илтгэл хэлэлцүүлэв. Энэ үеэр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа дэлхий нийтээр Ойн талаарх бүх нийтийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байгаа жишгийн дагуу Монгол Улс ч энэ асуудалд ач холбогдол өгч, өндөр хөгжилтэй орнуудтай хамтарч ажиллаж байгааг онцлов.

Дэлхийн ойн өдрийг “Ой ба боловсрол” сэдвийн дор олон улс даяар тэмдэглэж буйтай холбоотой “Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний хурал, “Ойд суралцахуй” ЕБС-ийн сурагчдыг хамруулсан өдөрлөгийг энэ сарын 18-нд зохион байгуулсан юм. Энэ нь өсвөр, залуу үеийн ойн талаарх бодол санаа, хүсэл тэмүүллийг танин мэдэх, цаашид энэ чиглэлээр ерөнхий боловсролын сурагчдад зориулсан ойн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх, ойн боловсрол олгож буй сургууль хамт олныг урамшуулах, ойн мэргэжлээр МУИС-д суралцах өсвөр үеийнхнийг дэмжих, оюутны судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилготой юм.

Связанные новости