Хүүхдийн спортын VI их наадмын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-30 17:59:44
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Хүүхдийн спортын VI их наадам Орхон аймагт амжилттай үргэлжилж байна. Уг наадам зуны спортын 19, өвлийн спортын 2, сонгох 6, пара спортын 4 төрлөөр зохион явуулна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 11 төрлийн тэмцээн зохион байгуулж 1800 гаруй тамирчин оролцжээ. 

Уг наадмын үйл ажиллагаа, тамирчдын медаль, шагнал урамшуулалд орон нутгийн төсвөөс 25 сая төгрөг төсөвлөсөн байна. Цана, тэшүүрийн тэмцээн Төв аймагт болж Орхон аймгийн баг тамирчид гуравдугаар байрторжээ. Волейболын бүсийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт болох бөгөөд бүсээс шалгарсан нь улсын аваргад оролцоно. Энэ сарын 30, 31-нд сагсан бөмбөгийн 3х3, 5х5 тэмцээн болно.

Тэмцээний нийт дүн, медалийн тоогоороо спортын төрөлжсөн “Ирээдүй од” сургууль нэгдүгээр байр, хүүхдийн оролцоогоороо 4,5 дугаар сургууль удаалж байна. Тамирчид нийт 1000 гаруй багц медалийн төлөө өрсөлдөж байгаа ажээ.

Ирэх дөрөв болон тавдугаар сард ширээний теннис, хөнгөн атлетик, спортын гимнастик, футзал, парахөнгөн атлетик, олс таталт, бүжгийн спортын тэмцээн болно. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн пара спортын тэмцээнийг нэгдсэн журмаар зохион байгуулах ажээ. 

Ийнхүү 21 аймаг тус бүртээ Хүүхдийн спортын VI их наадмаа зохион байгуулж ирэх есдүгээр сард улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хаалтын арга хэмжээ Чингисийн талбайд болно. Өнөөдрийн байдлаар Орхон аймгаас 400 гаруй баг, тамирчин улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байна.

 

Связанные новости