Цагаан-Үүрийн түймрийг Залуугийн голд тогтоож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-03 10:36:02

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар гарсан түймрийн голомтод салхитай, хуурайшилт ихтэй, 10 км-ийн тойрогт түймрийн шаталттай байгаа бөгөөд Залуугийн гол гэдэг газар тогтоон ажиллаж байна.  

ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ҮАБ-ын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан гурван алба хаагч, ҮАБ-ын 27 алба хаагч, нийт 30 алба хаагчийг түймрийн голомтод хүргэх, ойн түймрийг унтраах зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газрын чиглэлд нисч Мөрөн хотод буусан.

Мөн өдөр түймрийн голомт руу нисдэг тэргээр 2 удаа алба хаагчдыг зөөвөрлөж, ОБЕГ-ын гурван алба хаагч, ҮАБ-ын 27 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин, Цагаан-Үүр сумын Засаг дарга Д.Далай, нийт 45 алба хаагч “Залуугийн гол” гэдэг газар түймрийг оруулахгүйгээр тогтоон ажиллаж байгаа ажээ.

 

 

 

Связанные новости