Улаангом сумын агаарын чанарыг сайжруулахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран Улаангом сумын агаарын чанарын бүс, бүсэд баримтлах журмын төслийг танилцуулах хэлэлцүүлгийг энэ сарын 30-нд зохион явууллаа. Хэлэлцүүлэгт агаарын чанарын 1-р бүс буюу Улаангом сумын 3, 5, 7, 11, 12–р багт хамаарах 32 аж ахуйн нэгж байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм.
Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр
бүсэд бохирдлын дам нөлөөлөлд өртөж байгаа төвлөрсөн шугамд холбогдсон аж ахуйн
нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний цэг салбар, орон сууцны айл өрхүүд,
төвлөрсөн шугаманд холбогдох боломжтой нам даралтын зуухтай аж ахуйн нэгж,
үйлчилгээний цэг салбарууд хамрагдаж байгаа аж.
Хэлэлцүүлгээр нэгдүгээр бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлж гаргасан юм. Тухайлбал, стандарт шаардлага хангаагүй бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох, стандартын шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагч төхөөрөмж ашиглах, нам даралтын зуух ашиглаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний цэг салбар дулааны төвлөрсөн шугаманд стандарт, норм дүрмийн шаардлагыг хангаж холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.
Мөн шинээр барих барилга, байгууламж дулааны төвлөрсөн шугаманд зайлшгүй холбогдсон байх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн нүхэн жорлонг хориглох, айл өрхийн нүхэн жорлонг байгальд ээлтэй эко жорлонгоор солих, албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний цэг салбарууд гаднаа пийшин галлагаатай харуул, манаач, сахиул буулгаж ажиллуулахыг хориглолоо.
Тэрчлэн гэр хорооллын айл өрхийг цахилгаан
халаагууртай болгох ажлыг дэмжиж, айл өрхүүдийг 2 тарифт тоолуурт хамруулах,
сайжруулсан зуухаар хангах, Дулааны
1, 2-р станц агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах дэвшилтэт техник технологи,
тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх, үйлдвэрлэлээс гарсан үнс, шаарга, хог
хаягдлыг зөвшөөрөгдсөн цэгт буулгах зэрэг арга хэмжээг авч ажиллахаар болсон юм.