“Coca-Cola” спиртийн агууламж бүхий ундаа гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ВАШИНГТОН. /CNN/. “Coca-Cola” компани түүхэндээ анх удаа спиртийн агууламж бүхий ундаа гаргахаар болсон бөгөөд уг шийдвэр зөвхөн Японы хэрэглэгчдэд л хамааралтай ажээ.
“Манай компани “Lemon-do” нэртэй спиртийн агууламж бүхий ундаагаа
ирэх 10 дугаар сараас Японд худалдаалж эхлэхээр боллоо” гэж “Coca-Cola” компанийн хэвлэлийн төлөөлөгч "CNN" сувагт мэдээлжээ.
Нимбэгийн амттай, 3-7 хувь хүртэлх гурван төрлийн спиртийн агууламжийн сонголттой уг ундааг Японы өмнөд нутгийн Кюшү арал дээр өнгөрсөн оны тавдугаар сард анх туршилтын шугамаар худалдаалж байсан юм.
"Японд
худалдаалагддаг “chu-hi”
хэмээх спиртийн агууламжтай хийжүүлсэн ундаанаас санаа авж, “Lemon-do”-г үйлдвэрлэхээр болсон" гэж “Coca-Cola” компанийн Япон дахь салбарын захирал
Хорхе Гардюно хэлжээ. Мөн тэрбээр уг ундаа бусад улс орны хэрэглэгчдэд таалагдана хэмээн бодохгүй байгаа ажээ.
Ташрамд дурдахад, “Coca-Cola” компанийн өөр нэгэн бүтээгдэхүүн олон
нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа нь кофены амттай “Coca-Cola With
Coffee” бөгөөд энэхүү ундааг 2019
оны эцэс гэхэд 25 орны зах зээлд нэвтрүүлнэ.