Дугуйгаар 18 мянган километр замыг туулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КАНБЕРРА. /BBC/. Их Британийн Лестер хотын оршин суугч Бен Холлис өнгөрсөн жилийн наймдугаар сард гэрээсээ дугуйтай гарч өнгөрсөн ням гарагт Австралийн Брисбен хотын зэргэлдээх Калаундра тосгонд байдаг авга ахынхаа гэрт хүрчээ.
19 настай Б.Холлис аяллын хугацаанд 30 орныг дайран өнгөрч, ойролцоогоор 18 мянган километр замыг туулсан байна. Тэрбээр зорьсон газраа хүрснийхээ дараа хэлэхдээ, “Энэ бүхэн жаахан итгэмээргүй санагдаж байна. Энэ бүх цаг хугацааг дугуйн эмээл дээр өнгөрүүлсний эцэст зорьсондоо хүрч чадлаа” гэжээ.
Аяллынхаа үеэр тэрбээр өдөрт 7.50 евро зарцуулдаг байсан бөгөөд зардлаа бага байлгахын тулд бараг орой бүр хээр хоноглодог байжээ. Холинс буцахаасаа өмнө Австрали дахь гэр бүлийнхэнтэйгээ нэг сар хамт байж, ирэх есдүгээр сард Лондоны их сургуулийн коллежид биологийн чиглэлээр суралцах аж.