Зургаан талт форумыг үр ашигтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-13 16:34:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн бүсийн хөгжлийн гарц-Хамтын хүч” тав дахь удаагийн форумаар бүс нутгийн хөгжлийн талаар хэлэлцэн, харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Тэгвэл энэхүү форумын үр дүнг дүгнэн хэлэлцээд, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан, томоохон төсөл хөтөлбөрүүдийн эхлэл тавигдсан, өндөр үр ашигтай уулзалт болсон гэдгийг онцлов. 

Форумд БНХАУ-ын Шилийн гол аймаг, Тунляо, Улаанхад хот, Монгол Улсын Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн төлөөлөгчид, оролцсон. Оролцогчдод тус айгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар Монгол Улсын зүүн бүс нутгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн зорилтыг танилцуулсан юм.

Монгол Улсын зүүн хязгаар нутаг нь түүх соёлын дурсгалт газар, үзэсгэлэнт байгаль, ашигт малтмалын арвин нөөцтэй, газар зүйн байршлын хувьд нэн таатай газар юм. Энэ бүс нутаг нь Монгол Улсын нийт газар нутгийн 18,2 хувийг эзлдэг ба хүн амын 6,8 хувь амьдран сууж байна. Монгол Улсын ДНБ-ний ердөө зургаан хувийг үйлдвэрлэж ядуурал, ажилгүйдлийн түвшин улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан дүгнэлтээр зүүн бүсийн өрсөлдөх давуу талууд нь ХАА-н арвин их нөөц, аялал жуулчлал хөгжих өргөн боломж, ашигт малтмалын баялаг нөөц, газар зүйн таатай байрлалтай гэж дүгнэсэн бол, эсрэгээрээ тус бүс нутгийн сул талыг эдийн засгийн чадавх сул, зах зээлийн багтаамж бага, иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй, аж үйлдвэрийн салбар сул хөгжсөн гэж тодорхойлжээ.

Иймээс нөөц боломж, давуу талаа оновчтой ашиглах замаар бүс нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, орчин үеийн аялал жуулчлал, өндөр технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийн салбар давамгайлсан эдийн засгийн бүтцийг бий болгох, түүнийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.


Монгол Улсын төр засгийн бодлого, чиглэлд тусгасан ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, тэдгээрийн бүсийн хөгжилд үзүүлэх үр ашгийн талаар дурьдсан мэдээллийг танилцуулъя.

1.    Баруун Урт-Бичигт чиглэлийн 272 км зам барих төсөл

 

Баруун-Урт-Бичигт чиглэлд хатуу хучилттай авто зам тавих ажил “Хөгжлийн зам үндэсний хөтөлбөр", Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн тусгай зориулалтын авто замын ангиллаар баригдахаар Үндэсний хөгжлийн газраас зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессын уралдаант шалгаруулалт зарласан боловч оролцогч байхгүйгээс ажил эхлээгүй байна.

Төсөл хэрэгжсэнээр бүсийн хэмжээнд хөрөнгө оруулалт нэмэгдэх зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил шинэ түвшинд хүрэх, гадаад улс, тэр дундаа хөрш улсын дэд бүтцийн сүлжээтэй холбох, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг бууруулах, ажлын байр нэмэгдэх, хүн амын амжиргааны түвшин сайжрах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжүүлэх чухал ач холбогдолтой.


2.    Хөөт-Бичигтийн чиглэлийн 216 км төмөр зам барих төсөл

 

Монгол Улс бол Ази Европыг холбосон тээврийн коридорын гол хэсэг. Дээр дурьдсан бодлого, хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс нийт 32 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь төмөр замын зүүн коридор байгуулах “Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл” юм.

Хөөт болон энэхүү төмөр зам дагуу 556 сая тонны нөөцтэй гянтболд, цайр, хайлуур жонш, ураны хүдэр, хар тугалга, газрын тос, төмрийн хүдэр, занар, зэс, молибден, нүүрс зэрэг эрдэс баялаг, ашигт малтмалын ордууд илэрсэн.

Зонхилох нөөц нь хүрэн нүүрс ба Хөөтийн бүлэг ордод 300 сая тонн нөөц байна. Хүрэн нүүрсийг боловсруулж шатахуун, хий гаргаж авснаар төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ улам нэмэгдэх магадлалтай.

Мөн Сүхбаатар аймгийн нутагт байрлах Төхөм, Цагаан залаатын бүлэг ордуудын бодитой нөөц нь нэг тэрбум, боломжит нөөц нь гурван тэрбум тонн байна. Өөрөөр хэлбэл Хөөт-Бичигтийн төмөр замын дагуух ордуудын нөөц цаашид нэмэгдэх магадлал өндөр аж.


3.    Хилийн боомтуудыг хөгжүүлэх талаар

 

Зүүн бүсэд Ульхан, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Чойбалсан, Бичигт зэрэг хэд хэдэн хилийн боомт ажиллаж байна.

Хилийн боомтын дэд бүтэц, барилга байгууламж, техник хэрэгслийг олон улсын түвшинд хүргэж, үйл ажиллагааг өргөтгөснөөр ОХУ, БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлээд зогсохгүй зүүн бүсийн гадаад худалдаа, үйлчилгээг шинэ түвшинд гаргах боломж буй гэж албаныхан тооцоолж байна.

Тухайлбал Сүхбаатар аймгийн нутагт орших Бичигт боомт нь БНХАУ-ын Жинжоү боомтоор дамжин Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам болж байгаа ба Бичигтээс Жинжоу боомт хүртэлх тээвэрлэлтийн зам нь 866 км орчим байдаг аж.


4.    Хөөтийн аж үйлдвэрийн парк төслийн талаар


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөөт аж үйлдвэрийн парк” байгуулах асуудлыг  2019 оны зургадугаар сарын 28-ны ээлжит хуралдаанаар хэлэлцэж төслийн техник, эдийн засгийн үндэслэл, төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хувийн хэвшилтэй хамтран боловсруулахаар шийдвэрлэсэн.

Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам барих, Хөөтийн аж үйлдвэрийн парк барих төслийг БНХАУ-ын “Монгол Чүн Чен Энержи Индастри групп” өөрийн хөрөнгөөр барих санал ирүүлснийг орон нутаг дэмжсэн саналыг Засгийн газарт хүргүүлжээ.

Энэхүү төслийн хүрээнд бензин, дизель түлш үйлдвэрлэх, нүүрсний химийн боловсруулах үйлдвэр, автомашины үйлдвэр, байгаль орчинд ээлтэй цахилгаан эрчим хүчний систем зэргийг барьж байгуулах ба эдгээрийг дагасан хот байгуулахаар төлөвлөсөн.

Тус паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замаар дамжин урд зүгт Хятадын төмөр замын сүлжээгээр Хятад, зүүн өмнөд Азийн орнууд, хойд зүгт Оросын Сибирийн төмөр замаар Европ, зүүн хойд Азийн орнуудад экспортлогдох боломжтой аж.

Уг төсөл хэрэгжих нь Хөөт-Бичигтийн төмөр замын төслийн эдийн засгийн үр ашгийг сайжруулах төдийгүй зүүн бүсийн аймгуудын хувьд ажлын байр нэмэгдэх,тус аж үйлдвэрийн паркийг дагасан жижиг дунд үйлдвэрүүд хөгжих бизнесийн таатай орчин бүрдэх, цаашид улсын эдийн засагт томоохон үр ашиг өгнө гэж үзэж байна.


5.    Бүсийн үйлдвэржилтийн талаар

 

Зүүн бүсэд 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 10.4 сая толгой мал тоологдсон нь Монгол Улсын нийт малын 16,2 хувь, бүсийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт нь улсын нийт дүнгийн хоёр хувийг тус тус эзэлж байна. Мөн 2018 онд мах 69738,1 тонн, сүү 129102,8 тонн, ноолуур 1125,7 тонн, ноос 5295,2 тонн, арьс шир 2975,5 тонн-г үйлдвэрлэжээ.  

Монгол Улсын Засгийн газраас мал сүргийг эдийн засгийн эргэлтэд зохистой оруулах, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнсний боловсруулах салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 48,0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Махны үйлдвэр болон хорио цээрийн байгууламжийн цогцолбор” төслийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэж бэлтгэл ажлыг хангаад байна.

Төслийн хүрээнд малын эрүүл бүс, малын эрчимт тэжээлийн талбай, тэжээл боловсруулах үйлдвэр, мал эмнэлгийн лаборатори, мах боловсруулах үйлдвэр  бүхий цогцолбор бий болох юм.

6.    Уул уурхайн томоохон ордыг ашиглах талаар

 

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэхээр тусгасан байдаг.  

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор өнгөрсөн жилд нэг сая орчим тонн хүрэн нүүрс, 90 мян.тн төмрийн хүдэр, зургаан мян.тн жонш экспортлосон байна.

Цаашид төмөр зам, авто замын сүлжээг өргөтгөж, Бичигт боомтыг хөгжүүлснээр зүүн бүсийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна. Энэ нь Хөөт-Бичигтийн төмөр зам барих, Баруун Урт-Бичигт чиглэлийн 272 км авто зам барих төслийн үр ашигт эерэг нөлөөлөхөөс гадна бүсийн доторх аймгуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд мэдэгдэхүйц үр нөлөөг авчирна.


7.    Зүүн бүсийн аялал жуулчлалын талаар

 

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”  бодлогын баримт бичигт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог нэг саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн.

Тиймээс зүүн бүсийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэр гаргаж аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажлыг эхэлсэн байна. Зүүн бүс нь түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй, дотоод гадаадын аялал жуулчлал эрчимтэй өсч буй нутаг. 2018 онд дотоодын 110269, гадаадын 18342  жуулчин хүлээн авч, 10 орчим тур оператор компани, 60 гаруй зочид буудал, 30 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газраас хэрэгжүүлэхээр тусгасан  дээрх бодлого, чиглэл томоохон төслүүд нь Монгол Улсын зүүн бүсийн гурван аймгийн хөгжлийн тулгуур болсон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахын зэрэгцээ БНХАУ-ын “Нэг бүс Нэг зам” хөтөлбөрийн зорилттой бүрэн нийцэж буй.

Төлөөлөгчид уг мэдээлэлтэй танилцсаны дараа дээрх асуудлуудаар нээлттэй хэлэлцэж, нэн тэргүүнд Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто зам болоод, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын төслийг эхлэх нь зүйтэй гэж үзжээ.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дээрх уулзалтыг ашигтай боллоо гэж онцлоод дээр дурдсан асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, тусгайлан авч хэлэлцүүлэхээр болсон байна. “Зүүн бүсийн хөгжлийн гарц-Хамтын хүч” тав дахь удаагийн форумын зохион байгуулалт болон үр дүнд гадны болон дотоодын зочид төлөөлөгчид сэтгэл дүүрэн буцжээ.

Связанные новости