“Ногоон зээл, Ногоон технологи” чуулган болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Хас Банк, НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан хамтран “Ногоон зээл, Ногоон технологи” чуулган, үзэсгэлэнг энэ сарын 25-26-нд Бэст Вэстэрн Туушин зочид буудалд зохион байгуулна. “Эко дулааны шийдлийг Бид дэмжинэ” уриатайгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг чуулган Эко хэрэглээний зээлээр халаалт, дулаалгын шийдэл борлуулах сонирхолтой бүтээгдэхүүн нийлүүлэгч Аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй.
Чуулганд оролцсоноор эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих санхүүжилтийн боломжууд болон БОАЖЯ, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Ногоон зээлийн үйлчилгээг авах боломжтой. Тодруулбал, чуулганыг хамтран зохион байгуулагч Хас банкны жилийн 8%-ийн хүүтэй эко хэрэглээний зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцан хүссэн мэдээллээ авах боломжтой юм.
Түүнчлэн ногоон технологийг дэмжих төрийн бодлого, Нийслэлийн гэр хорооллын өрхөд үзүүлж буй цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт, Байшин сууцны дулаан алдагдлыг бууруулахын ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллага, төлөөлөгчид илтгэл танилцуулах аж.
Мөн үеэр үзэсгэлэн худалдаа давхар зохион байгуулах бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурын худалдаа эрхлэгчид, эко дулаалгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд оролцон, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахыг зохион байгуулагчид онцолж байна.
Харин Та Ногоон санхүүжилтийн чуулганд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй!