S&P индекс хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-10-29 08:13:33

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг S&P 500 индекс даваа гарагийн өглөө түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилж,  АНУ-ын зүүн эргийн цагаар 3039 пунктэд хүрсэн байна.


Нью-Йоркийн биржийн цахим хуудсанд мэдээлснээр, өмнөх дээд үзүүлэлт буюу 3027.98 пунктэд өнгөрөгч долдугаар сарын 26-нд хүрч байжээ.


Түүнчлэн аж үйлдвэрийн Dow Jones индекс арилжаа эхлэхэд 175 пункт буюу 0.65 хувиар өсөж, 27134 пункт болсон бол Nasdaq цахим биржийн индекс 3040.75 пункт болж өссөн нь 18.43 пункт буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ.


Үүнээс гадна, “Microsoft” компанийн хувьцааны ханш шууд 2.8 хувиар өсөж, 144.53 ам.долларт хүрсэн байна. Тус компанийн хувьцааны ханш ийнхүү өссөн нь "Цэргийн ажиллагааг зохицуулах нэгдсэн бүтэц”-д зориулж программ хангамж бүтээх 10 жилийн хугацаатай, 10 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээг АНУ-ын Батлан хамгаалах яамтай байгуулах эрхийг авсантай холбоотой байна. Даваа гарагт мөн Google компанийн хувьцааны ханш 1.09 хувиар өсөж, 1278.2 ам.доллар, Apple компанийнх 0.56 хувиар өсөж, 247.97 ам.доллароор арилжаалагджээ.


 


Связанные новости