Оюутны шигшээ баг Сенегалын багт 21:19-өөр хожигдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шиамень хотноо болж буй Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2019 оны Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн /2019.10.31-11.04/ -нд Монголын шигшээ баг өнөөдөр эхний тоглолтоо Сенегалын шигшээ багтай хийж 19:21-ээр хожигдлоо.
Хоёр баг үндсэн цагт 19:19-өөр тэнцсэн. Улмаар нэмэлт цагт Сенегалын шигшээ багийн 2 онооны шидэлт амжилттай болсноор Монголын баг тун харамсалтай ялагдлаа. Дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор О.Энхбаатар, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, А.Ананд нарын бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд өрсөлдөж байна.
Монгол Улсын шигшээ баг Тайванийн Кинмень хотноо 4 дүгээр сард болсон Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд аваргаар шалгарч ДОАШТ-д Ази тивээ төлөөлөн оролцох эрх авсан юм.
Манай баг С хэсэгт Сенегал, Португал, Макаогийн багтай нэг хэсэгт орсон. Өнөөдөр 18 цаг 50 минутаас Монголын шигшээ баг, Португал улсын шигшээ багтай тоглоно.