Орон нутагт "Олимп” спорт авиралтын төв нээгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны 32 дугаар олимпын их наадмаас эхлэн олимпын хөтөлбөрт дэлхийн олон орны хүүхэд, залуучуудын дунд эрчимтэй хөгжиж буй спорт авиралтын төрөл багтсан юм.
Монголд энэ спортыг сонирхогчдын тоо жил ирэх тусам өсөж байгаа, ялангуяа орон нутагт өргөнөөр хөгжих болов. Уулын спортын орчин үеийн спорт авиралтаас гадна мөсөнд авиралтын төрөл ч 2022 оны өвлийн олимпын хөтөлбөрт орох магадлал өндөр байгаа юм.
Монголын тамирчдын хувьд тив, дэлхийн түвшинд хүрсэн амжилт гаргахад материаллаг бааз дутмаг байдал ихэд нөлөөлдөг. Энэхүү бэрхшээлийг бууруулах үйлсэд алс баруун хязгаар Говь-Алтай аймгийн Тонхил суманд байрлах Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубээс санаачлан олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын төвийг барьж байгуулжээ. Тус төвийн нээлт 2019 оны 10 дугаар сарын 18-нд болж өдгөө үйл ажиллагаа нь жигдрээд байна. Хурдны хос зам /speed/, техник /lead/-ийн байгууламжтай тус төвийг “Олимп” спорт авиралтын төв хэмээн нэрлэжээ.
Сумын ЕБС-ийн шинээр баригдаж буй спорт заал дотор спорт авиралтын бас нэгэн төрөл болох боулдрингийн хана баригдах юм. Спорт авиралтын хурдны хананд нэмэлтээр мөсөнд авиралтын хурдны бэлтгэл хийхэд зориулсан зам угсарсан байна. Санхүүжилтийг “Сутайн бор” клуб, Говь-Алтай аймгийн ЗДТГ болон хандивлагч бусад байгууллага, хувь хүмүүсийн тусламжтай шийдвэрлэсэн байна.
Баруун бүсэд төдийгүй Монголдоо анх удаа тус байгууламж ашиглалтад орсноор спорт авиралтын төрлөөр дотоодын төдийгүй олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой болжээ. Мөн орон нутгийн хүүхэд, залуучууд спорт авиралтаар өргөнөөр хичээллэн бэлтгэл хийх, тамирчдын амжилтаа ахиулах бололцоог хангаж өглөө.
Ташрамд дурдахад, Говь-Алтай аймгийн Тонхил сум уулчдын өлгий нутаг билээ. Уулын спорт төдийгүй Монгол Улсын спортын мастеруудын анхдагч зургаан уулчны нэг Я.Жанцан Тонхил сумын уугуул иргэн юм. Тэрбээр зөвхөн өндөр уул төдийгүй манай улсад ханан хадны төрлийг хөгжүүлэхэд тулгын чулууг тавилцсан хүн байв.
“Сутайн бор- клубийн Удирдах зөвлөлийн гишүүн, PhD А.Батсүх: ”Я.Жанцан 1969 онд Польшийн Татр, Германы Дрездений ханан хаданд авиралт хийж, дасгал сургуулилт хийж ирснээр уулын спортын орчин үеийн төрлүүдийг эх орондоо хөгжүүлэх эхлэл тавьсан юм. Өдгөө Тонхил сумаас өндөр уул, спорт авиралт болон мөсөнд авиралтын төрлүүдээр Олон улсын хэмжээний мастер 2, спортын мастер цолтой 23 тамирчин төрөн гарсан бөгөөд, уулын спортын зэрэгтэй олон тамирчин байдаг” хэмээн онцолж байв.