“Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аянд иргэд идэвхтэй хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 296-р тогтоолын дагуу "Эрдэнэс
Тавантолгой" ХК-аас зохион байгуулж буй “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Сүхбаатар аймагт 11 дүгээр 08-ны өдөр эхэлж, эдгээр
өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Тус аймгийн
хэмжээнд дөрвөн ажлын хэсэг ажиллаж буй бөгөөд тэд есөн суманд ажиллах юм.
Аяны хүрээнд, хувьцаа, ногдол ашиг, хөрөнгийн зах зээл гэж юу болох, 1072 хувьцааны үнэ цэнэ, ач холбогдлын талаар сургалт,
мэдээлэл хийх, иргэдийн хувьцааны
тоо ширхэгийг баталгаажуулах зэрэг ажлыг хийж байна.
Манай ажлын хэсэг Баруун-Урт суманд хоёр өдөр ажиллаад, одоогоор Асгат
суманд ажиллаж байна. Гурван өдрийн хугацаанд хоёр суманд ажиллахад 700 орчим
иргэн хамрагдсан. Эндээс иргэдийн идэвх сайн байгаа нь харагдаж байгаа юм. Ер нь
ААНБ-уудаар орж мэдээлэл хийж байхад орон нутгийн иргэд нэг үеэ бодвол хувьцааны
талаар харьцангуй тодорхой хэмжээний ойлголттой болсон байна. Бидний зүгээс
хувьцааны үнэ цэнэ, ач холбогдлын талаар илүү дэлгэрэнгүй танилцуулаад ирэхээр
иргэдийн хандлага илүү сайжирч, их сайхан хүлээж авч байгаа. Ер нь энэ аяныг
цаг үеэ олсон, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан зөв ажил болж байгааг онцолж
байна гэж 1072 хувьцаа мэдээллийн төвийн мэргэжилтэн Б.Цацрал хэллээ.
Тус аймагт брокер дилерийн чиглэлээр "Монсек" гэдэг нэг л компани үйл
ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор тус компанид 30 гаруй мянган иргэн
хувьцааны дансаа нээлгүүлсэн байна. Иргэдийн хувьд уг ажилд идэвхтэй
хамрагддаг бөгөөд дээрх аяны хүрээнд хийж буй сургалтын үр дүнд энэ байдал
илүү нэмэгдэж байгааг тус компанийн ажилтан Ц.Болормаа ярьж байлаа.
Ажлын хэсгийнхэн Баруун-Урт, Асгат, Түмэнцогт, Түвшинширээ, Баяндэлгэр,
Халзан, Сүхбаатар, Уулбаян, Мөнххаан гэсэн суманд ажиллана.