МҮОХ-ны гишүүнээр 7 хүнийг шинээр сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал /2019.11.28/ “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталжээ.
Тухайлбал, МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Мөн зарим гишүүний гишүүнчлэлийг дуусгавар болгож, шинээр 7 хүнийг МҮОХ-ны гишүүнээр элсүүлж, батлав. МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох ээлжит бус гишүүдийн хурлыг 2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар товлож, хараат бус, бие даасан сонгуулийн комиссыг байгуулав. Тус комисс нь нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас эхлэн сонгуулийн дүнг мэдээлэх хүртэлх сонгуулийн бүх үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.
Олон улсын залуучуудын "Ногоон наадам"-ыг Улаанбаатар хотноо 2020 онд зохион байгуулах талаар, тус наадмын Гүйцэтгэх хорооны захирал Ц.Бат-Энх танилцуулсан байна.
МҮОХ-ны шинэ гишүүнээр Монголын морин спорт уяачдын холбооноос Б.Батбаатар, Монголын адал явдалт, спортын аяллын холбооноос Б.Энхмандах, Монголын мөсний чарганы холбоо /Олимпын төрөл/-ноос Б.Баян-Очир, Ц.Анандбазар, Ц.Баттулга, Монголын шатрын холбооноос Я.Санжмятав, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооноос Ч.Наранбаатар тус тус сонгогджээ.