Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Харшийн сүлд модны наадам”-д оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-24 21:16:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын “Харшийн сүлд модны наадам”-д оролцож, сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэн оны шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулж үг хэлэв.


Тэрбээр, "Харшийн сүлд модны наадам нь хүүхэд бүрийн оролцохыг хүсэж мөрөөддөг шинэ жилийн сайхан баяр юм. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн урлагийн тоглолт үзлээ.  Сургууль, цэцэрлэг, сургалт хүмүүжлийн газрууд гээд 338 барилга байгууламж шинээр ашиглалтад оруулж, ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжийг халж чадсан баялаг бүтээмжтэй он улиран одож байна. Ирэх онд хүүхэд бүр аз жаргалаар бялхаж байхыг ерөөе. Эх орондоо хайртай, эрдмээр биеэ чимсэн сайн хүмүүс болоорой" гэсэн юм.


Найрамдал цогцолборын багш Б.Отгонбат Харшийн сүлд модны наадмын урлагийн тоглолтыг 28 дахь жилдээ найруулан тавьж буй бөгөөд “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” сэдвээр дэглэжээ. Хулгана жилд хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай байхыг бэлгэдэхийн зэрэгцээ аз жаргал гэдэг нь ээж аав, ахмад настанд хүндэтгэлтэй байж сургаал үгийг нь сонсож бусдыг хүндлэн эрхэмлэдэг, бие биедээ тусладаг нинжин сэтгэлтэй байхыг хэлнэ. Үүний тулд хүүхэд бүр гэгээлэг сайхан мөрөөдөлтэй, түүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй гэдгийг уриалж, монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг агуулгыг хүүхдүүдийн сэтгэлд хоногшуулахыг зорьсон гэв.  Тоглолтод оролцогчдын 90 орчим хувийг Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь аймгийн авьяаслаг сурагчдаас сонгон бүрдүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Связанные новости