Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-12-31 13:03:46

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг энэ сарын 30-нд гардуулан өглөө.

Тухайлбал, спектрофотометр, нэг талаас ажилладаг ширээ, орчны бохирдлыг хянах харуулын будка, тоосны багаж зэрэг нийтдээ 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж олгосон байна. Мөн түүнчлэн албан хэрэгцээнд зориулж суудлын автомашин хүлээлгэн өглөө.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь сүүлийн үеийн харуулын будкатай болсноор цаашдаа автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдон Улаангом сумын агаарын бохирдлыг тасралтгүй хянах нөхцөл боломжоор бүрдсэн байна. Шинээр ирсэн тоосны багаж нь 24 цагийн туршид РМ1.0, РМ2.5, РМ10 болон нийт тоосыг нэгэн зэрэг хэмжих боломжтой аж.

Связанные новости