НДШ сайн дураар даатгуулж буй иргэдэд зөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-31 14:32:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан иргэд ирж буй оны нэгдүгээр сард багтаан шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцогдох талаар НДЕГ-аас сануулж байна.

Тиймээс нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулсан иргэд гэрээний нөхцөлөө өөрчлөх юм байна. Нийгмийн даатгалын байгууллагаас сайн дурын даатгуулагч нарт чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор гэрээний харилцааг дараах байдлаар зохицуулж байна. Үүнд:

  • Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулсан иргэд гэрээний нөхцөлөө өөрчлөхгүй бол 2020 оны нэгдүгээр сард багтаан шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцно. (Шимтгэлийн хэмжээ-13.5 хувь буюу 2019 онд мөрдөгдөж байсантай ижил байна)
  • Сайн дурын даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлж байсан иргэдийн хувьд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосонтой холбогдуулан энэ хэмжээнээс тооцож шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцогдох юм байна. (Энэ нь сарын 56.700 төгрөг юм).
  • Сайн дурын даатгалыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс төлдөг байсан иргэд, шимтгэл төлөх хугацаа, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо өөрчилнө. Ингэснээр гэрээгээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай иргэд, түүнчлэн анх удаа сайн дурын даатгалд хамрагдах бол харъяа Нийгмийн даатгалын хэлтэст өөрийн биеэр очихыг зөвлөлөө.
Связанные новости