Иргэний зөвлөлийн гишүүд 2020 оны ажлын төлөвлөгөөгөө батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-01-07 22:58:52

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралдаж, 2019 оны ажлаа дүгнэж, 2020 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

Иргэний зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөнд 19 ажил тусгагдсан бөгөөд эдгээр асуудлууд хугацаандаа бүрэн хэрэгжсэн байна. Тухайлбал, аймгийн Цагдаагийн газрын оны эцсийн үйл ажиллагааны тайлан, төсөв санхүүгийн зарцуулалттай танилцаж, зөвлөмж чиглэл өгөх, Цагдаагийн газарт ажиллуулсан хайрцгаар дамжин иргэдээс ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийх зэрэг ажлыг өнгөрсөн онд санаачлан хийж хэрэгжүүлсэн байна.

2020 оны хувьд шинээр 20 ажил хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, сахилга, ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчдын тухай статистик мэдээллийг улирал бүр авч дүн шинжилгээ хийн зөвлөмж чиглэл өгөх, ард иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах, Иргэний зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэх юм байна.

 

Связанные новости