Монголын боксын холбоо энэ онд 11 тэмцээн зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-08 15:17:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын боксын холбоо /МБХ/-ноос 2020 онд өөрийн эх орондоо бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 11 тэмцээн зохион байгуулна.  


“Токио-2020” олимпын наадам тохиож байгаа энэ оны анхны тэмцээний салхийг хагалж нэгдүгээр сарын 23-26-нд “Ихэр бээлий” клубийн нэрэмжит олон хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар болж шилдгүүдээ тодруулна.


Улмаар гуравдугаар сарын 16-22-нд өсвөр үеийн /15-16 нас/ УАШТ-ийг зохион байгуулах бол гуравдугаар сарын 24-28-нд Булган аймгийн Бугат суманд “Бугат” олон хотын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй бага нас өсвөр үе, залуучууд насан хүрэгчдийн ангиллаар явуулна.


Мөн Улаанбаатар хотноо 2020 оны дөрөвдүгээр сарын 8-12-нд өсвөр үеийн болон залуу боксчдын “Тэмүүлэл” олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин тавдугаар сарын 4-10-нд Улаанбаатар хотноо СТО-д 17-18 насны /эрэгтэй, эмэгтэй/ залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болно.


“Токио-2020” зуны олимпын наадмын дараа есдүгээр сард Баян-Өлгий аймагт “Өлгий кап” олон хотын тэмцээн болох бөгөөд энэ тэмцээнд өсвөр үеийн боксчид ур чадвараа сорино. Мөн Улаанбаатар хотноо есдүгээр сарын 16-20 ОБЕГ-ын эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгчдийн олон хотын тэмцээн болно.


Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 19-25-нд Хан-Уул дүүргийн спортын ордонд бага насны УАШТ-ийг зохион байгуулна. Тус тэмцээнд 11-12, 13-14 насны охид, хөвгүүд жин тус бүрт аваргаа тодруулах юм. Дархан-Уул аймагт 2020 оны 10 дугаар сарын 13-17-нд  “Дархан кап” олон хотын тэмцээнийг /эрэгтэй, эмэгтэй/ өсвөр үе, залуучуудын дунд зохион байгуулж шилдгүүдийг тодруулна.


Сүхбаатар аймагт 11 дүгээр сард ОУХМ Н.Ганхуягийн нэрэмжит бага нас, өсвөр үе, залуу боксчдын олон хотын аварга шалгаруулах уламжлалт тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин оны төгсгөлд буюу 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 6-нд насанд хүрэгчдийн УАШТ болох юм байна. 

Связанные новости