"Алдар танан гарьд" баг Гоё дээд лигийг тэргүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-09 15:08:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн Гоё дээд лигийн I тойргийн тоглолтууд Спортын төв ордны А заалнаа үргэлжилж байна.


Спорт холбоодын улсын аварга шалгаруулах тэмцээн явагдах буй тул долоо хоногт хоёр л тоглолт болов. 2020 онд нийт 4 тоглолт болж Алдар танан гарьд, Хан-Уул хангарьд, Эрдэнэтийн уурхайчид багууд хожилтой байгаа бөгөөд өнгөрсөн улирлын аварга Алдар танан гарьд баг улирлын эхнээс жигд сайн тоглож хожигдолгүй лигийг тэргүүлж байна.


Энэ долоо хоногт болсон тоглолтод Гарьдууд мөн л шилдэг тоглолтыг үзүүлж анхны жилдээ тоглож байгаа Багануур тулнууд багтай тоглосон бөгөөд Гарьдуудаас Мөнхболд, Тэлмэн, Тэмүүжин, Алтаншагай нар өнжсөн ч багийн тоглогчдоо эзгүйд бусад нь жигд сайн тоглон хожлоо. Гарьд багийн легионер Д.Лавендер оролцсон хоёр тоглолтдоо 20 гаруй оноо авсан юм. Тэд дараагийн тоглолтоо нэгдүгээр сарын 13-ны даваа гарагт 20 цагаас улиралд 2 хожил, 2 хожигдолтой байгаа Хан-Уул Хангарьд багтай тоглоно. Хан-Уул Хангарьд багийн хувьд хоёр Билгүүн онцгой сайн тоглолтыг үзүүлж байгаа. Тухайлбал, тэд даваа гарагт Г.Баттөр, Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр, Ц.Мэргэн тэргүүтэй хүчирхэг бүрэлдэхүүнээр багаа бүрдүүлсэн "23 Стормс" багийг буулган авахад Т.Билгүүн, Б.Билгүүн нар чухал үүрэг гүйцэтгэсэн байна.


Ирэх даваа гарагийн хоёр дахь тоглолт Алдар танан гарьд, Хан-Уул Хангарьд багийн хооронд болно. Харин нэгдүгээр сарын 13-ны эхний тоглолт Хасын хүлэгүүд болон Багануур тулнууд багийн хооронд болно. Залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн Багануур тулнууд онооны хүснэгтийн сүүл мушгиж, нэг ч хожилгүй яваа юм.Тэд сүүлийн тоглолтоо гарьдуудын эсрэг хийж Г.Насанжаргал 32 оноо авч шилдэг тоглолт үзүүлсэн ч хожил авахад хангалттай байв.


Тэдний дараагийн учраа Хасын хүлэгүүд баг байх юм. Бүрэлдэхүүнээ энэ улиралд багагүй шинэчилсэн Хүлэгүүдийн хувьд улирлыг 2 хожил 2 хожигдолтой үргэлжлүүлж байна. Энэ хоёр баг хоёулаа хожил авахын төлөө талбайд гарна. Ташрамд сонирхуулахад, “23 Стормс” баг эрчимтэй бэлтгэл хийхээр БНСУ-ыг зориод байна. Тэд энэ үеэр Солонгосын мэргэжлийн КСС багтай нөхөрсөг тоглолт хийгээд амжсан байна.

Связанные новости