100 настай Б.Жамба гуайнхаас тооллогын ажлыг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-01-09 23:35:36

Увс /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого өнөө өглөө тус аймагт албан ёсоор эхэллээ. 

Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав, ХАОСТ-ын аймгийн орлогч дарга, Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг нараар ахлуулсан ажлын хэсэг Улаангом сумын 6-р багт оршин суудаг, 100 настай Бумбын Жамбынд хамгийн түрүүнд очиж, тооллогын ажлыг эхлүүлжээ.

Тэрбээр 1920 оны 12-р сарын 2-ны өдөр Монгол Улсын 649252 дахь хүн болж мэндэлсэн байна. Өдгөө 100 настай буурай маань 1918 оноос хойш Монгол Улсын Хүн амын 10 дахь удаагийн тооллогод хамрагдаж, улс орныхоо хөгжил дэвшил, хүн ам зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, бодлого шийдвэрийн хэрэгжилтэд үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Б.Жамба гуайд тооллогын комиссын гишүүд түүний нэр, настай холбоотой сонирхолтой мэдээлэл бүхий Батламжийг гардуулан өгчээ.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг баг, сум, аймаг, улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж байна. Иргэдийн хувьд тоологчийг гэртээ оруулж, үнэн зөв мэдээлэл өгөх нь улс орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр юм. Увс аймгийн хэмжээнд 96 тоологч, 26 шалгагч ажиллаж байгаа бөгөөд улсын тооллого өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай үргэлжилнэ.

Связанные новости