“Хаан хүнс” ХХК жүдочдыг 3 жил дэмжих гэрээ байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбоо, хүнсний манлай үйлдвэр “Хаан Хүнс” ХХК-тай хамтран ажиллах 3 жилийн гэрээг өнөөдөр байгууллаа.
Спортын төв ордонд болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албаны
ерөнхий дасгалжуулагч, Ардын багш, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, Монголын
жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, “Хаан хүнс”
ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхболд, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах
дасгалжуулагч, гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Болдбаатар нар оролцлоо.
Хамтын ажиллагааны уг гэрээг 2020 оны дөрөвдүгээр
сард Монголд болох жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах
тэмцээн, долдугаар сард Токиод болох Зуны XXXII олимпын наадмын өмнө байгуулж
байгаа гэдгээрээ
онцлогтой.
Ташрамд сонирхуулахад, “Хаан Хүнс” ХХК нь "Технологийн шинэчлэл, Бүтээгдэхүүний чанар, Хэрэглэгчдийн сэтгэл ханамж"-ийг үйл ажиллагааныхаа эрхэм зорилго болгон чанарын өндөр түвшинд эрүүл баталгаат хүнс үйлдвэрлэдэг. Тус компанийн эх орныхоо түүхий эдээр үйлдвэрлэдэг төрөл бүрийн хаан бууз, банш, хуушуур зэрэг амт, чанартай бүтээгдэхүүнээр нь монголчууд сайн мэддэг билээ.