Марафонч Ц.Бямбажав олимпын эрхийн болзлыг хангав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Кюүшюү аймгийн Ойтад 2020 оны хоёрдугаар сарын 2-нд болсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд хурдаа сорьсон Монголын үндэсний шигшээ болон “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Цэвээнравдангийн Бямбажав 2 цаг 09 минут 03 секундийн амжилтаар V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцох болзлоо хангав хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ.
Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/-ноос олимпын наадамд оролцох тамирчдад entry mark буюу норматив нормыг тавьдаг. Тухайлбал, “Токио-2020” олимпын марафон гүйлтэд эрэгтэйд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпын дэвжээнд уралдах эрх авах юм. Монголын марафончдоос ОУХМ Б.Мөнхзаяа олимпын наадамд оролцох болзлоо биелүүлээд байгаа.
“Беппу-Ойта
2020” марафонд Мароккогийн тамирчин Хамза Сахли 2:08:01 амжилтаар түрүүлж,
Этиопын Абдела Годана 2:08:06-аар мөнгө, Японы Ёшида Юяа 2:08:30 секунд гэсэн
амжилтаар хүрэл медаль тус тус хүртсэн байна.