“Hakuho cup-2020” тэмцээнээс алт, мөнгө, 3 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-03 17:43:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит сумо бөхийн “Hakuho cup-2020” тэмцээн Японд болов.


Энэхүү 10 дахь удаагийн тэмцээнд 14 орны 1133 тамирчин долоон насны ангилалд өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын бөхчүүд алт, мөнгө болон гурван хүрэл медаль хүртжээ.


“Хакүхо цом”-ын ахлах нас буюу 13-15 насны ангилалд 352 бөх барилдсанаас монгол сумоч хүү А.Сосорхүү, Б.Баярболд нар түрүү булаалдсан байна. Аваргын төлөөх уг барилдаанд Тоттори Жохокү сургуулийн сурагч А.Сосорхүү түрүүлж, Б.Баярболд үзүүрлэжээ.


Мөн 10 насны ангилалд /160 бөх барилдсан/ Г.Доржцэрэн, 11 насны ангилалд /182 сумоч/ А.Адитяа, багийн барилдаанд монгол бөхчүүд тус тус хүрэл медаль хүртсэн байна. “Hakuho cup-2020” тэмцээний багийн аварга шалгаруулах барилдаанд 168 баг оролцжээ.

Связанные новости