УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг дөрөвдүгээр сарын 25-наас өмнө хүлээн авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн хүсэлтийг дөрөвдүгээр сарын 25-наас өмнө хүлээн авна гэдгийг СЕХ-ноос өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) энэ сарын 8-нд хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн ажлын хуваарь, бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөний дагуу ээлжит сонгуультай холбоотой 14 журам, 3 заавар болон бусад маягтыг энэ оны 2-3 дугаар сард батлах аж. Улсын хэмжээнд 340 орчим Сонгуулийн хороо байгуулна. Харин дөрөвдүгээр сард 21 аймаг, нийслэл болон сум, дүүргийн Сонгуулийн хороодыг байгуулахаар төлөвлөсөн байна. Хороонд СЕХ-ны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч ажиллана гэдгийг СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээлэв. Түүнчлэн улсын хэмжээнд 2000 орчим Сонгуулийн хэсгийн хороог тавдугаар сарын 15-наас өмнө байгуулахаар төлөвлөсөн байна.
Тэрбээр, “УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авсны дараа буюу 29-нөөс өмнө СЕХ хуралдаж, бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Үүний дараа нам, эвслийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа байгаа. Өөрөөр хэлбэл, нам, эвслүүд 5 сарын 10-16-нд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө СЕХ нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сурталчилгаа эхэлнэ. Санал тоолох 2500 төхөөрөмжийг 2012 онд авснаас хойш зургаан удаа сонгуульд ашигласан байна. Шаардлагатай гэж үзвэл нэмж авах боломжтой” гэлээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид сурталчилгаагаа олон нийтийн мэдээллийн цахим хуудас, нам эвсэл, нэр дэвшигчийн өөрсдийнх нь албан ёсны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр явуулах боломжтой. Ингэхдээ сурталчилгаа цацах цахим хуудсаа Сонгуулийн хороондоо бүртгүүлэх ёстой гэдгийг СЕХ-ноос анхааруулсан юм.