Галт тэргэнд үйлчилсэн 19 ажилтныг УБТЗ-ын төв эмнэлэгт тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-23 00:03:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.  Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг 25 ортой тусгаарлах байр бэлтгэсэн байна. Тус байранд өнөөдрийн байдлаар, Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд үйлчилж байсан 19 ажилтныг тусгаарлажээ.


Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалах хэрэгсэл зах зээлд ховордсоноос Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн эмч ажилчдад шинэ коронавирусээс хамгаалах хэрэгслийн нөөц хангалтгүй байгаа аж.




 Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг ямар зохион байгуулалттай ажиллаж буй талаар тус эмнэлгийн дарга С.Еркегүлээс тодрууллаа.


-Галт тэрэгний орчин мэдээж агаар дуслаар өвчин тархах эрсдэлтэй орчинд тооцогдоно. Зорчигчдын биеийн байдлыг хэрхэн хянаж байна вэ?

-Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг нийтдээ 387 эмч, ажилтантай. Үүнээс төмөр замын шугам дагуу 19 салбарт тус бүр эмч, сувилагч ажиллаж байна. Ингэхдээ хоёр цаг тутамд зорчигчдын халууныг хэмжиж, асуумж авах зэргээр өвчлөлийг тогтоох үзлэг хийж байна. Нөгөө талаар, өвчтөн ороод ирнэ гэж тооцож, бэлэн байдлыг ханган 25 ортой тусгаарлах байр бэлдсэн. Мөн мэргэжлийн байгууллагын зөвлөх багтай байнгын хамтран ажиллаж, ХӨСҮТ-өөс мэдээлэл, зөвлөмж авч байна. Ханиад хүрсэн, янз бүрийн тохиолдлоор халуурсан хүн ирж байна. Тэр тохиолдол бүрт халдварын шинж тэмдэгтэй хүн илэрлээ гэж мэдэгдээд, шинжилгээ авч арга зүйгээр хангуулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан манай эмнэлгийн бүх эмч, ажилтан бэлэн байдалд ажиллаж байна.



-Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд хэчнээн хүн байна вэ?

-Одоогоор Москва-Улаанбаатар чиглэлд ажиллаад энэ сарын 16-нд ирсэн галт тэрэгний ажилчдыг тусгаарлаж, ажиглалтад авсан. Одоогоор ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй. Халдвар тархсан газраас ирсэн гэдэг утгаар нь тусгаарласан.


-ОХУ-д халдвараар өвчилсөн хүний тоо 250 гарчихсан тархалт ихтэй байна. Өөрөөр хэлбэл, тусгаарласан иргэд эрсдэлтэй газраас ирсэн байна. Тэднийг ажиглаж байгаа эмч нар хамт тусгаарлагдаж байна уу?

Энэ хүмүүс долоо дахь өдрөө байрлаж байна. Хоёр эмч ажиллаж байгаа бөгөөд өдөртөө хоёр удаа халууныг нь үзэж, тандан судалж байна. Зөвхөн өвчин тархсан газраас ирсэн гэдэг утгаар нь энэ хүмүүсийг тусгаарласан. Тусгаарлах байранд ажиллаж байгаа хоёр эмч мөн адил тухайн иргэдтэй хамт тусгаарлагдана.


-Халдвараас сэргийлэх бодис, хамгаалах хэрэгслийн хангамж ямар хэмжээнд байна вэ?

-Ариутгал, халдваргүйтгэлийн бодисын хувьд нөөц сайн байгаа ч хувийн хамгаалах хэрэгсэл зах зээлд олдоц муудсанаас нөөц багассан. Гэхдээ Улаанбаатар төмөр замаас боломжийн хэрээр хангаж байна. Манай эмнэлэг болзошгүй эрсдэлд бэлэн байх үүднээс яаралтай тусламжийн шаардлагатай бүх аппарат, төнөг төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг бэлтгэсэн. 



-Тусгаарлах байрыг бэлтгэх тодорхой стандартыг ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан. Танай эмнэлгийн тусгаарлах байр ямар шаардлага, стандарт баримталж байна вэ?

-Мэдээж Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын баталсан өвчтөнийг тусгаарлах журмын хүрээнд байрыг бэлтгэсэн. Гол нь өвчтөнийг эрүүл хүмүүсээс тусгаарлах, тусгаарлагдсан хүмүүс бие биедээ халдвар тараахгүй байх, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх зэргээр ажиллаж байна. Тухайн байр нь хүн бүр нэг ариун цэврийн өрөөтэй, аяга тавгаа тус тусдаа угаах боломжоор хангагдсан. Цагдаагийн хамгаалалттай, орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Эдгээр иргэдийн байрлаж байгаа зардлыг Улаанбаатар төмөр замын төсвөөс гаргаж байна.



Ташрамд дурдахад, Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг хөл хорио тогтоосон энэ үед ачаалал багатай байгаа бөгөөд олон хүний хөл хөдөлгөөнөөс сэргийлж цахимаар үйлчилж байна. Түүнээс гадна ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг сахиж, үйлчлүүлэгчийг нэг хаалгаар оруулж нөгөөр хаалгаар гарах зэрэгт халууныг нь хэмжихийн сацуу гар ариутгагч байрлуулжээ. 


Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости