ЭМЯ: “COVID-19” халдвар дэлхийн 196 оронд бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-25 12:22:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар дэлхийн 196 оронд “COVID-19” халдвар тархаад байна. Дэлхий даяар 375 498 хүн халдвар авснаас 15 362 нь нас баржээ.

Итали, АНУ, Герман, Иран зэрэг оронд өдөрт 1000-10 000 тохиолдлоор коронавируст халдвар нэмэгджээ. Италид халдварын 80 хувь нь хойд 3 муждаа тархаж байна. Харин Испанид халдвар бүртгэгдсэн 3 муж байсан бол 6 болжээ. Өчигдрийн байдлаар 156 улс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаасан байна. Түүнчлэн 1.2 тэрбум хүн амтай Энэтхэг улс 21 хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ. Шинэ Зеландад нэг сарын хугацаатай онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон бол Австрали улсад хуримын ёслолд тав, оршуулгын ёслолд дээд тал нь 10 хүн оролцох хязгаар тогтоосон байна. Дэлхийн хэмжээнд 2.6 тэрбум хүн хөл хорионд байгаа аж.

Харин БНХАУ-ын Хубэй муж өнөөдрөөс хөл хориогоо цуцалж байна. Гэхдээ 2 долоо хоногийн хугацаанд тус улсын хилээр 280 мянга гаруй хүн орж ирснээр коронавируст халдвар зөөвөрлөгдөх эрсдэл нэмэгдэж тусгаарлах байрыг нэмэгдүүлэхэд хүрч байгаа аж.

АНУ-д “COVID-19” халдвар авсан хүн болон нас барсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байна. ДЭМБ-ын мэдээлснээр, тус улс халдвар тархаж буй байдлаараа Итали улсын дараа орох магадлалтай байна. Тиймээс АНУ халдварын дараагийн голомт болж магадгүй байгааг ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.


Түүнчлэн ДЭМБ гараа сайтар угаах, гараа ам хамартаа хүргэхгүй байх, бусдаас нэг метрийн зайнаас харьцах дэглэмийг сайн баримтлахыг зөвлөж байна. 

Связанные новости